Цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаан зохион байгуулагдлаа

2019-01-30 09:51:37

“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр амьд харилцаа үүсгэж үр хүүхэд залуу үеэ зөв хүн болгож зан төлөвийг нь төлөвшүүлж хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж ардын өв уламжлал, ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйгээр багш, хүүхдийн хамтарсан тоглолт үзүүлэх тэмцээнийг  зохион байгууллаа.

“Бид хүүхэлдэйчид” уралдааныг Улсын хүүхэлдэйн театртай хамтран 2019 оны 01-р сарын 22-ноос 01-р сарын 25-ны хооронд 1-р шатны шалгаруулалтыг 9 дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж нийт 60 гаруй цэцэрлэгийг оролцуулсан бөгөөд жүжгүүдийг Монгол ардын аман зохиол, үлгэр туужаас сэдэвлэн бүтээсэн.

2019 оны 01-р сарын 28, 29-ны өдрүүдэд “Улсын хүүхэлдэйн театр”-ын тайзнаа 9 дүүргээс шалгарсан 25 бүтээл 2-р шатны шалгаруулалтад оролцсон.

Нэгдүгээр байранд: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээр

Хоёрдугаар байранд: Хан-Уул дүүргийн 118-р цэцэрлэг “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээр

Гуравдугаар байранд: Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг “Хос тогоруу” жүжгээр байр эзэлжээ.

Мөн шилдэг эмэгтэй, шилдэг эрэгтэй, шилдэг 3 багшийг тус тус шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулан, шагналт байранд шалгарсан жүжгүүдийг телевизийн бүтээл болгон олон нийтэд сурталчлан таниулах юм. Дүүргээс шилдгээр шалгарсан 25 бүтээлийг Улсын хүүхэлдэйн театр болон Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хуудаснаас хүлээн авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.