Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй “Ногоон хот”-ын төлөө хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.
-Хот энэ жилээс “ногоон хөгжил”-д ач холбогдол өгч эрүүл хотын төлөө ажиллах орлогч даргын суудал хүртэл гаргасан. Та хотын экологийг хэрхэн өөд татах вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нийт газар нутгийн 20 хүртэлх хувийг нь ногоон байгууламжтай болгоно гэсэн том зорилт тавьсан байгаа. Жил бүр тодорхой газруудад ногоон байгууламж бий болгоно. Мөн хотын ногоон байгууламжийг сэргээж, ургуулдаг байсан. Энэ жил ажлаа эрт эхлүүлсэн. Хотоос өмнө нь жил бүр ногоон байгууламжтай болох гэж тодорхой ажлыг хийж ирсэн. Амжилт тааруу, хийсэн зүйлээ дараа жил нь үгүй хийдэг тогтворгүй шийдлийг бид өөрчилнө.
Ногоон байгууламжийн гол цөм нь цэцэрлэгт хүрээлэн болдог дэлхий нийтийн жишиг бий. Өндөр хөгжилтэй улсууд замын голд болон, хотын төв хэсгээр зүлэг, ногоо ховор тарьдаг. Гол үзүүлэлт нь хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд болдог. Бичил гудамжуудаа ногооруулах нь тэдний гол ажил.
-Улаанбаатар хот хэт барилгажсан. Ногоон байгууламж тарих сул газар байхгүй атал бичил цэцэрлэг олноор байгуулна гэх юм?
-Бичил цэцэрлэгийн талбайг яаж, ийгээд гаргана. Өмнө нь бичил цэцэрлэг байгуулъя гэхээр газрыг нь иргэд авчихсан байдаг байж. Одоо бид цэцэрлэг байгуулах газрыг чөлөөлнө. Бичил дөрвөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Гэр хорооллын айлууд руу анхаарлаа хандуулж тэдний орчин, тойронд ногоон байгууламжтай болгоно.
-Айл бүр хашаандаа, гудамжиндаа зүлэг, мод тарихийг хэлж байна уу. Өөр ажил сэдсэн үү?
-Гэр хорооллын иргэд салхинд гаръя, нарлаж сууя гэхээр сайхан орчин алга. Харанхуй, шороо бужигнасан, чулуутай, хогтой орчинд та таатай салхилж, болох уу. Иргэдийн хүсэн, хүлээдэг орчны нэг нь цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. Хүүхэд тоглох талбайтай, хөгшид, залуус нарлаж, салхилж суух сүүдрэвч, цэцэрлэгт хүрээлэн гэр хороололд үнэхээр хэрэгтэй болжээ.
-Бичил цэцэрлэг байгуулахад мөнгө хэрэгтэй болно. Танд тэр ажлыг хийх төсөв байна уу?
-Энэ ажилд 2.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ мөнгөөр дөрвөн бичил цэцэрлэг барихад арай л багадана. Боломжтой бол мөнгөө нэммээр юм. Нэг цэцэрлэг нь гэхэд л 1.5 га талбай байдаг. Энэ бага биш газар шүү.
-Бичил цэцэрлэгийг гэр хороололд хаана барих вэ. Сул талбай байгаа юм уу?
-Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутагт 1.5 га талбай гаргаж чөлөөлөх юм. Мөн Сүхбаатар дүүргийн нутагт Ногоон нуур гэж хэлэхэд хүн бүр мэднэ байх. 1.2 га талбай тэнд байгаа. Гэр хорооллын голд нь байгаа энэ талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор зураг, төсөв хийсэн. Гэр хорооллынхон маань салхилахын тулд яагаад заавал Зайсан толгой руу явах ёстой юм бэ. Хүн бүр өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж очих цаг, зав байгаа юм уу. Нийслэлийн иргэдийн 78 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Иргэдийнхээ сайн сайхны төлөө бид яагаад ажил хийхгүй байгаа юм бэ гэсэн асуулт эндээс урган гарч байна. Үүнд хариулт болгож бид гэр хорооллын дунд бичил цэцэрлэг байгуулна.
-Хотын дарга Э.Бат-Үүл аливаа ажилд иргэдийн оролцоог чухалчлана гэж ярьдаг. Та бүхэн үүнийг дэмжиж байна уу. Иргэд өөрсдөө орчноо сайжруулах гэж толгойгоо ажиллуулж, мөнгө зарахгүй. Хотын төр, захиргаанаас элдэв ажил хийгээд өг гэж шаардах гэж үү?
-Иргэдийн санал, санаачлагыг бид ямагт дэмждэг. Долоо хоногт надтай уулзахаар 10-15 иргэн үүдэнд сууж байдаг. Тэд таны асуусан чиглэлээр ажил хиймээр байна гэж хэлдэг. Хүн бүрийн саналаар ажлаа явуулахад хэцүү. Тиймээс манайх төлөвлөгөө гаргаж, нэгдсэн бодлоготойгоор ажилдаа орсон. Миний удирдлаган дор долоон газар ажилладаг. 400 гаруй албан хаагчтай. Энэ долоо хоногийн сүүлчээр тэдгээр газрын дарга нартай уулзаж гэр хороололд амьдардаг ажилтнуудынхаа судалгааг гаргуулах юм. Албан хаагчдынхаа хашааг ногооруулна. Бусдад үлгэр болохоор хашаагаа сайхан тохижуулснаараа уралдацгаая. Тэд нийслэлээс хийж байгаа ажлыг дэмжиж бусдад үлгэр болохуйц хашаагаа ногооруулах байх гэж найдаж байна. Агаарын чанарынхан, Байгаль хамгаалахынхан, Нийслэлийн мал эмнэлгийн газрынхан ажилтнуудаа дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Суулгах мод, зүлгийг нь би олж ирнэ, Нийслэлийн Байгаль орчны газрынхан туслах байх. Цаашдаа энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэмжээгээр хэрэгжүүлнэ. Салбар, яам, Тамгын газруудын ажилтнуудыг хамруулах бодол байна. 187 мянган өрх амьдардаг гэр хорооллыг бид ногоон байгууламжийн талбай гэж харж, тохижуулбал зүгээр. Гэр хорооллын гудамжны ар талыг тохижуулбал бас боломж бий.
-Шилдэг, Топ 150 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг үзүүлэлтийн нэг нь гаднах талбайгаа “ногоон” болгож тохижуулж, мод, зүлэг тарьдаг болговол ямар вэ. Тэдний ихэнх нь байгууллагынхаа гаднах талбайг тохижуулаагүй суудаг?
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын удирдлагуудад би албан тоот явуулсан. Нийслэлийн ИТХ-аас гаргасан захирамж байдаг. Та эзэмшил талбайн орчмын 50 метр газрыг тохижуулж, ногоон байгууламжтай болгох ёстой гэсэн.
-Таны хэлсэн шаардлагыг биелүүлдэг компани, газар нийслэлд ховор юм биш үү?
-Хэрэв энэ шаардлагыг биелүүлбэл газрын төлбөрийг нь багасгаж болно. Шаардлага биелүүлэхгүй байгууллагаас нийслэл газраа буцаан авч болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүмүүсийн ухамсар, хандлага бага, багаар өөр болж байна. Шаардлагыг хүлээж авч, зүлэг, мод тарина гэж байгууллагууд захаасаа манайд хариу мэдэгдэх болсон.
-Улаанбаатар хотын экологийн асуудал үнэхээр хүндэрсэн юм биш үү. Туул голын загаснууд захаасаа үхлээ. Химийн хаягдлын хортой устай голын дагуу ургаж байгаа зүлэг, ширгэ, бут, бургас цэвэр хүчил төрөгч ялгаруулж чадах уу?
-Улаанбаатар хотын ундны усны нөөцийг Туул голоос хангадаг. Туул гол жилээс жилд жижгэрч, зарим жил урсгал нь тасалдах үе ч гарах болсон. Тиймээс дан ганц нийслэл гэлтгүй Засгийн газраас анхаарч “Туул гол” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулж баталсан байгаа. Хувийн байгууллагуудтай хамтран энэ төслийг хийсэн. Бид хөрс, бороо, ахуйн усыг цэвэршүүлэх цагт ирлээ. Ингэхийн тулд шинэ технологийг нутагшуулах цаг болсон. Мэдээж дэвшилтэт ажилд зардал, мөнгө их хэрэгтэй. Заримдаа бидний санасан, бодсоноос удаан хугацаанд ажил урагшлахаар бухимдах юм. Туул гол төслийн ТЭЗҮ-ийг 200 гаруй сая төгрөгөөр хийсэн. Туулын урсацыг сайжруулахын тулд голын эхэнд 2-3 хэсэг газарт усан сан байгуулах хэрэгтэй. Голын урсацыг хааж уулын хөндийд хиймэл нуур байгуулах юм. Борооны, уулын усыг бид 1-2 хоногийн дотор урсгаад дуусгачихдаг. Цас, бороо, хөрсний усыг бид дэмий урсгадгаа болино. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээ ядаж ундны бус усаар уславал хотын эдийн засагт хэчнээн хэмнэлттэй вэ.
-Улаанбаатар хотын үерийн усны суваг хогоор дүүрдэг. Бороо цас, уулын ус бохир далангийн хог, шороог хамт Туул голд нийлүүлдэгийг анзаарсан уу, та?
-Хотод Туул гол руу нийлдэг үерийн усны гурван гол суваг бий. Гурван том хоолойгоо цэвэрлэж, хог, шороог нь шүүчихвэл усыг саарал ус болгон бусад зүйлд ашиглах боломжтой шүү. Ийм шинэ технологийг нутагшуулахаар эрдэмтэдтй ярьсан. Санхүүжилтээ олчихвол бас нэг ажлыг эхэлмээр байна.
-Нийслэлийн иргэдийг бухимдуулдаг Нэгдсэн цэвэрлэх байгууламжийн доголдол, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, бохир усыг Туул гол руу шууд нийлүүлдэг асуудлыг үе үеийн хотын дарга нар шийдэж хүчирэхгүй өдийг хүрлээ. Олон тэрбум төгрөг залгихаас цааш өөрчлөлт энэ салбарт гарсангүй?
-Цэвэрлэх байгууламжийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Ахуйн хэрэглээнээс гарч байгаа бохир усыг төв цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг. Нөгөөх нь үйлдвэрлэлийн технологийн үйлдлээс болж бохирдсон усыг урьдчилан цэвэрлэх байгууламж “Харгиад” нийлүүлж цэвэрлэж төв байгууламж руу явуулдаг.
-“Харгиа” бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа юм биш үү?
-Таны хэлдэг үнэн. “Харгиа” их зовлонтой газар. Тэднийд таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан. Арьс, ширний үйлдвэрүүд химийн хорт бодис их хэмжээгээр хэрэглэдэг. Тэр хүчтэй хортой бродисыг бүрэн шүүж, цэвэршүүлэхэд хүчин чадал нь хүрдэггүй. Анх “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ажиллуулахад тавьж байсан шалгуур, стандарт, хүчин чадлаас өнөөгийн хэрэглээ, үйлдвэрлэл нь давсан. Тийм учраас тэд муу ажиллаад байгаа мэт харагддаг байх. Үйлдвэрлэлийн хэрэглээ эрс ихэссэн. Тэд хэдий чадлаараа ажиллаад ч гэсэн эрэлт их байгаа учраас бүхнийг ном ёсоор нь хийж чадахгүй нь тодорхой. Бид XX зууны технологиор ажлаа хийж байгаа. “Харгиа” Цэвэрлэх байгууламжийн асуудлыг Засаг даргын удирдах зөвлөлийн хурлаар оруулна.
-Иргэдийнхээ эрүүл мэндийг дээдэлдэг улсууд хотын төвдөө үйлдвэр ажиллуулдаггүй. Улаанбаатар хот хэзээ ингэж иргэнийхээ эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангах бол?
-Нийслэлд үйлдвэрлэл явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг 2017 онд хотоос гаргах тогтоол гарсан. Суурьшлийн шинэ бүс бий болгож үйлдвэрлэгчдээ тийшээ нүүлгэнэ. Урьдчилсан цэвэрлэх байгууламж руу шууд үйлдвэрийн бохирыг нийлүүлдэг гэж хүмүүс буруу ойлгоод байна. Цэвэрлэх байгууламжаас гарсан усыг Туул гол руу нийлүүлдэг юм. Гэхдээ цэвэрлэх байгууламж үйлдвэрийн бохир усыг 70 хувь хүртэл цэвэрлэж байгаа.
-Энэ жил хот төмөр хайс, хашлагаасаа салж байгаа юм уу?
-Хайс, хашлагыг харахаар ногоон байгууламжаа иргэдээсээ хамгаалаад, харамлаад байгаа юм шиг байгаа биз. Иргэдийг шоронд байгаа юм шиг төмөр хашаагаар тусгаарламааргүй байна.
-Та нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргын сонгуультай. Сүүлийн үед танайхан МАН-ынханд бойкодлуулах болсон. Цөөхөн монголчууд учир зүйгээ олоход хэцүү гэж үү?
-НИТХ-ын төлөөлөгчид харьцангуй залуу, шинэ хүмүүс. Сонгуулийн жил болохоор ямар нэг байдлаар ажлыг гацааж улстөржих гээд байна. Уг нь нийслэлийн төлөөлөгчид улстөржих ямар ч шаардлагагүй юм. Нийслэл өдөр тутмын аж ахуйн ажил ихтэй. Өмнө нь би нийслэлийн ажлыг бусдын адил гаднаас нь харж шүүмжилдэг, өөрөө оролцдоггүй байлаа. Одоо ажилдаа гүнзгий ороод харихаа байсан.