Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалт болно

2013-04-30 00:00:00
Аялал жуулчлал бол байгалийн гамшиг, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлсээс шууд хамаарч байдаг эмзэг салбар юм. Зочид жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудал нь үйлчилгээний байгууллагын хариуцлага, үйлчилгээний ажилтны мэдлэг, туршлага, ур чадвараас шууд хамаарч байдаг. Тиймээс байгалийн гамшгийн болон гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг үзүүлэх чадвар олгох “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын халдварт өвчин судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, дэн буудал, жуулчны баазын менежерүүд хамрагдана гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.