Өөр Улаанбаатар

2013-04-29 00:00:00
“Явж гадуур алхъя” гэсэн жиргээнд маань хүмүүсийн сэтгэлийн утсыг татах ямар зүйл байсан болоод ямар олон хүн хариу жиргэж, бусдын анхаарлыг татна вэ гэж нэгэн жиргээч гайхна. Өөр нэгэн фэйсбүүкчин зүүн дөрвөн замаас хорооллын эцэс хүртэл аз жаргалтайгаар хөгжим сонсон алхсан тухайгаа бусаддаа гайхуулжээ. “Чаддаг л юм байна, болж байна шүү” гэх талархлын үгс өнгөрөгч өдрүүдэд хамгийн ихээр дуулдлаа. Энэ бол гадаадын төлөөлөгчдийг ирэх далимаар өнгө зассан хотын тухай яриа.

Үүнээс хэд хоногоор урагшлуулбал ярианы өнгө арай өөр байлаа. “Дахиад л хязгаарлах гэж байна. Юм байгаагаарай сайхан, юуг нь засч нуудаг юм. Гайны хэдэн гадаадаа Дархан, Эрдэнэтэд л хүлээж авна биз” гэх зэргээр хөвөрнө. Үнэхээр нийгмийн сэтгэлзүй эхэндээ шүүмжлэл талдаа давамгайлж байсан бол сүүлд нь хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн тал руугаа жингээ өгчихсөн байлаа. 

Хэдхэн хоногт ямар олон зүйл амжуулж болдог гэдгийг улаанбаатарчууд бэлхнээ харсан тул цаашид ч энэ эрчээр ажиллахыг шаардах ёстойгоо ойлгоцгоов. Хэдэн жилийн турш газрын маргаантай байгаа нэрийн дор Сүхбаатарын талбайн өмнөх хонхтой цэцэрлэгийг хэн ч үл анзаарсан царай гаргаж байв. Гэтэл долоохон хоногийн дотор цэцэрлэг огт өөр болов. 24 машин хогийг тус цэцэрлэгээс зөөж цэвэрлэн, орчныг нь тохижуулсан тул тус “Хотын төвийн нийтийн 00”-ын үйлчлүүлэгчид дахин үнэгүй үйлчилгээ хийлгэх аргагүй болов. Мөн өмнө нь арав алхаад л хог хаяж байгаа хүнтэй таардаг байсан бол өнгөрөгч өдрүүдэд арав алхаад л хог цэвэрлэж байгаа, засч янзалж буй, угааж цэвэрлэж байгаатай нь таарч байв. Хогийн сав ч олширсон тул улаан цайм цэвэрхэн газарт хог хаях “зоригтон” буюу эргүү амьтан таарсангүй.

Өөр нэг олширсон зүйл гэвэл цагдаа. Үйлчилгээний ажилтан гэдэг утгаар нь тэднийг харвал, мөн тэд өөрсдийгөө тэгж ойлгоод сурчихвал жинхэнэ “супер”. Ямартаа ч энэ өдрүүдэд өнөө хэдэн халаасны хулгайчид, Улаанбаатарын өмнүүр эргэлдэх хэдэн өрвийсөн нөхдүүд харагдаагүй нь, хэрэг зөрчлийн тоо буурсан нь цагдаагийнхны нөхдийн бие бүрэлдэхүүний сайн ажиласных байх.
Машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор нь ялгаж, өөрөөр хэлбэл 50 хувийн хязгаарлах бодлого барьж байж л хотын замаар машинууд “явах” боломжтой болов. 50 хувийг нь хязгаарлаж байж л байх ёстой хэмжээнд нь барьж байгаа нь хэрэв хязгаарлалт хийгээгүй бол гадаадын төлөөлөгчдийн дэргэд “нусаа хацартаа” наах байсныг харууллаа. Үүнийг аваарын дохио хүчтэй дуугарч байна гэж ойлгоод автозамын асуудлаа далайцтайгаар шийдэх үүрэг гэж Улаанбаатар хотын захиргаа, Автозамын газар, замын асуудлаа хариуцдаг яамныхан ойлговол зүгээрсэн. 

Барьж авах гол асуудал нь машиндаа биш замдаа байгаа гэдгийг ойлговол бүр ч зүгээр. Дугаарын хязгаарлалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн хүн, бага насны хүүхэдтэй гээд олон хүнд дарамт болдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин замын асуудлаа шийдэж, хот тойрсон хурдны зам, 33 замын уулзварыг шинэчлэх, нүхэн гарц, дүүжин гүүрнүүдээ хурдлуулаад орхи. 

Гадныханд зориулж тамхигүй, хоггүй, байнгын цэвэрлэгээтэй, хаа сайгүй засвар шинэчлэл хийсэн долоо хоногийн аянг чинь сунгахыг иргэд хүсч байна. Одоо гадныханд биш өөрсдийнхөндөө зориулаад дахиад энэ хэвээрээ ганц жил л зүтгүүлчих. Тэгвэл, Улаанбаатар чинь өөр Улаанбаатар болно. 


                                                                                                                                   Б.МАНДАХ