Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзана

2013-04-29 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх сарын 4-ний өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон. 

Ерөнхийлөгчийн нийслэлийн иргэдтэй хийх энэ удаагийн уулзалтад  Улаанбаатар хотын удирдлагууд оролцож хоттой холбоотой асуудлуудаар иргэдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Энэхүү уулзалтын явцыг хэвлэл мэдээллийн байгууллагууд  дамжуулж, сурвалжлахаар хүсэлтээ өгч байгаагаас гадна уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын Элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Уулзалт 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Төрийн ордонд 11:00 цагт эхэлнэ.

Уулзалттай холбогдуулан нийслэлийн иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавих асуулт, санал хүсэлтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн “1200”, “1234” тусгай дугаарын утас, иргэдийн санал, өргөдөл гомдол хүлээн авах www.ub1200.mn цахим хуудас, www.ulaanbaatar.mn цахим хуудсаар болон “Иргэд хүлээн авах төв”-д хүлээн авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.