Хотын дарга Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2017-01-06 16:31:19

Жил бүрийн 1 сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 онд  шинэ Үндсэн хуулийн төслийг  нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна  Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.  БНМАУ-ын  Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн  2-р хуралдаанаар  улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 25 жилийн өмнө 1 сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах  үйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар  52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан  юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Та бүхний улс орон, нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хууль  Монгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийг  олон түмэн төдийгүй дэлхий нийт  ч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ. 

Цаашдаа ч Ардын Их Хурлын депутатуудынхаа зөвлөмж, дэмжлэгийг  нийслэлийн удирдлагын шинэ баг авна. Тэр тусмаа Улаанбаатар хотын эрх зүйн шинэтгэлийг хийхэд  та нарын маань  үүрэг роль их. Мөн Засаг даргын дэргэд хууль эрх зүйн шинэтгэлийг эрчимтэй хийх зөвлөл байгуулан, Үндсэн хуулийг хэлэлцэж, баталж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, өөрчлөлтөнд ч санал дүгнэлтээ өгч, ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байгаа Ардын Их Хурлын  депутатуудынхаа үгийг сонсч, саналыг  авна” хэмээлээ.  

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ- ын депутат  Р.Рааш хэлэхдээ “Хотоос сонгогдон ажиллаж байсан  депутатууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлууд  бидний ч  хамтдаа шийдвэрлэх ажил юм. Төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот руу чиглэсэн урсгалыг багасгах, хотын шинэ менежментийн  бодлогыг хэрэгжүүлэх ёстой”  гэж хэлээд нийслэлийн удирдлагын шинэ баг эрсдэлтэй тулсан ч хөгжлийн төлөө зорьмог шийдвэрүүд гаргахыг  захилаа.  

Үүний дараагаар “Гал голомт“ үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АИХ- ын депутат Д.Мөнхөө “Гэр бүлийн үнэ цэнийг  залуу хойч үедээ ойлгуулж, мэдлэг, мэдээллээр хангаж, үндэснийхээ уламжлалт соёл өвийг дээдэлж, төрөлх хэл, хот, улсаа хайрладаг сэтгэлгээг төлөвшүүлэх нэн шаардлагатай” гэж онцлоод,  залуусаа  хотын соёлд сургаж, хүмүүжүүлэх  ажлуудыг шат дараалан хийх хэрэгцээ шаардлага  бий болсныг тодотголоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутатаар  6 удаа сонгогдон ажиллаж байсан  Г.Очирбат “Шинэ үндсэн хууль нийгмийн өмнө  үүргээ биелүүлж байгаа нь маргашгүй үнэн. Мөн цаг хугацаа, хөгжлийн хурдтай уялдуулан зарим нэгэн заалтыг өөрчлөх шаардлагууд ч гарч байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа  Улаанбаатар хотын хөгжлийн хурд, хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл нь ч  Үндсэн хуультай холбоотой гэдгийг хэлье.  Үндсэн хуулиараа Монголчууд бид хаа дуртай газраа гэрээ бариад бууж болох эрхээр хангагдсан. Гэтэл дэлхийн аль ч хотод  гэрээ бариад, дуртай газраа хашаа хатгаад байдаг нийслэл байхгүй. Тиймээс  энэ өдөр бид  Улаанбаатар хотын хөгжлийн шинэ хандлагыг ярьж байна  гэж ойлгож байгаа.  Ахмадууд бид хууль баталчихсан. 25 жил өнгөрлөө гээд  ойг тэмдэглэн явахаас илүүтэй улс, хотынхоо цаашдын хөгжилд санаа зовниж байна“ гэдгээ хэллээ. Тэрээр нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, санаа бодлоо хэлж, зааж зөвлөнө  гэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат З.Алтай “Үндсэн хууль баталсан нь үнэн. Энэ хууль Монгол улсын хөгжлийн  гол  шугам, чиг болсон нь бас үнэн. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай асар олон зүйл байна. Бид хийхгүй бол бидний ирээдүй хойч яах вээ гээд санаа зовних боллоо. Тиймээс хамтдаа энэ шинэчлэлт, өөрчлөлтийг хийх цаг ирсэн” гэсэн юм.

Үндсэн хуулийн  25 жилийн ойг тохиолдуулан  Улаанбаатар хотын хөгжлийн талаар, цаашдын  төлөвлөлт  зорилтын тухай үнэтэй зөвлөгөө, санал хэлсэн  АИХ- ын депутатууддаа  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ. 2017 оныг нийслэл хот “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Засаг даргын дэргэд “Хууль эрх зүйн зөвлөл байгуулна” гэдгээ хэлж, АИХ-ын депутатуудыг хамтран ажиллахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.