Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

2013-04-26 00:00:00
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Гадаад харилцааны яамнаас өгч байгаа албан ёсны мэдээллээр тус бага хуралд оролцохоор нийслэл Улаанбаатар хотод  102 орны 1200 гаруй зочид хүрэлцэн ирэх бөгөөд энэхүү арга хэмжээг сурвалжлахаар 50 гаруй орны сэтгүүлчид ирж дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлан таниулахаар болжээ. Анх удаа дэлхийн хэмжээний дээд төвшний уулзалт Нийслэл Улаанбаатар хотод болж байгаа учраас энэ үеэр зочид төлөөлөгчид болон ард иргэдийнхээ аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Зарим арга хэмжээ ” авах тухай захирамж гаргасан билээ. Захирамжийн дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин 07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин маргааш улсын дугаарын сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нарт дээрх зохицуулалт үйлчилнэ.  Энэ дугаарын хязгаарлалт нь түр зохицуулалт бөгөөд 29-ний өдрөөр дуусгавар болно гэдгийг жолооч нартаа дахин сануулъя гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.