Цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллана

2013-04-24 00:00:00
Улаанбаатар хотод 2О1З оны 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" –тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар  ажлын хэсэг  томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Хурлын өдрүүдэд цагдаагийн байгууллага Нийслэл хотын оршин суугчид, иргэд, зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагаар хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах,  зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар уртасгасан цагаар ажиллана. Мөн нийгмийн хэв журам сахиулах болон хамгаалалтын ажилд Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд дуудлага хүлээн авах шугамыг нэмэгдүүлж, НҮБ-ын зөвшөөрөгдсөн 5 хэл дээр мэдээлэл авах юм гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.