Б.Бадрал: Нялуураад, нялцганаад байвал ажил урагшаа явахгүй

2013-04-23 00:00:00

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гадны олон зочин угтах гээд хотын Ерөнхий менежер завгүй байна уу. Ардчилсан орнуудын төр, засгийн тэргүүнүүд Улаан­баатар хотод чуулах гэж байгаа учраас бэлтгэл ажлууд оволзож байгаа биз дээ?

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал энэ сарын 27-29-нд Улаан­баатар хотод болох юм. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангахаар сар гаруйн өмнө Ерөнхий сайдаар ахлуулсан үндэс­ний хороо байгуулагдсан. Нийслэлийг төлөөлж миний бие энэ ажилд оролцож, ахалж байгаа.  1000 гаруй төлөөлөгч манай улсад зочлох гэж байна. Засаг даргын захирамж гарч бэлтгэл хангуулахаар ажиллаж байна. 140 орчим орны төлөөлөгч ирнэ. Тэд олон газарт байрлана. Нэг­дүгээр зэрэглэлийн хам­гаалалттай, олон улсын өндөр зэрэглэлийн дагуу хүлээн авах зочид ирэх юм. Арав гаруй орны Ерөнхий­лөгч, Ерөнхий сайд, Нобелийн шагналт хү­мүүс ирнэ. Таван төрлийн чуул­га уулзалт хийнэ. Засгийн газрын ордон, Соёлын төв өргөө, Хүүхдийн ордон зэрэг манайдаа л болом­жийн газруудад чуулганаа хийхээр төлөвлөж байна.

-Олон гийчин ирэх тул нийслэлийн тохижилтын ажилд нэлээд анхаарч байгаа нь харагдлаа. Нийс­лэл маань өмнө нь гадаадын 1000 гаруй зочныг хүлээж авч байсан түүх бий юу?

-Засвар, тохижилтын ажлыг яаралтай хийж байна. Өмнө нь нийслэлд ийм олноороо дээд хэм­жээний зочид ирж байгаа­гүй. Манай гудамжны замын хөдөлгөөний ачаа­лал ямар байгаа билээ. Түгжрэл, гацааг цэгцлэх үүднээс энэ сарын 26-29-нд тээврийн хэрэгслийн дугаарыг тэгш, сондгой­гоор нь ангилж дахин хяз­гаарлаж замын хөдөлгөө­ний ачааллыг бууруу­лахаар тооцоолсон.

-МонголчуудНэр хугарахаар яс хугаргэдэг дээ. Та үүнд санаа зовж байна уу?

-Яг үүнд санаа зовоод л замын хөдөлгөөнд орол­цох тээврийн хэрэгслийг хязгаарлах гэж байна. Цахимаар олон залуус энэ арга хэмжээг хэт улс­төрүүлж, эсэргүүцэж байгаа нь харагддаг. Тэр хэтэрхий бүдүүлэг зангаа олонд харуулж байна. Олон орны зочдыг ирэхэд нийс­лэлийн төр, захир­гаанаас тусгай арга хэм­жээ авахгүй бол болохгүйг манайхан мэдэж байгаа. Саяхан Туркийн Ерөнхий сайд ирэхэд зам ямархуу байдалтай байлаа. Ганц улсын зочны хамгаалал­тыг зохион байгуулахад манай иргэд яаж бухим­дав. Ямар ч зорилгогүйгээр сэлгүүцэж явдаг машины тоо их байна.

-Энэ хэзээ хийсэн су­далгааны дүн бэ. Шатахуун өндөр үнэтэй байхад иргэд машинаар сэлгүүцнэ гэж үү?

-Судалгаагаар зам дээр зорчигчдын 30-40 хувь нь сэлгүүцэж явдаг юм байна. ЗЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийсэн судалгаа­гаар албан бусаар таксинд явдаг  нөхөд л асуудал үүсгэдэг гэж байна. Замын дүрмийг умартаж осол, саатлыг тэд их гар­гадаг гэж байсан. Соёл­гүй, танхай, бүдүүлэг нөхдийн балгаар улс орны томоохон арга хэмжээг балалмааргүй байна шүү.

-Дэлхийн бусад улсын иргэд нийслэлдээ оршин суухын тулд их хэмжээний татвар төлдөг. Бас хотын соёлыг дагаж мөрдөх зэргээр нийтлэг шалгуур тавьдаг юм гэсэн. Гэтэл Улаанбаатар хот...?

-Манайхан нүүдэлчин ард түмэн учраас цусан­даа тийм нэг хэнэггүй зүйл, биед нь бүдүүлэг авир яваад байх шиг. Иргэдийн соёл үнэхээр дутмаг байна. 1.1 сая хүн нь хотоо бохирдуулахад 50-60 мянган иргэн ардаас нь цэвэрлэгээ хийдэг байх жишээтэй. Хот өөрийн дүрэм журамтай, соёлын төвшинтэй байх ёстой. Нийслэлдээ аливаа ажлыг эрхлэх хүн ёсыг нь дагах ёстой. Иргэдийн ухамсар, соёлыг төр засгаас дээшлүүлэх алба байхгүй. Үүнийг ярихаар лАрд түмэн рүү дайрлаа. Хэзээ ч иргэдийн зөв байдаггэх мэтээр муйхарлах хүн таарах юм

-Нийгэмд сурталчил­гаа, ухуулга түргэн түгдэг болж. Нөгөө талаараа хотоос зохион байгуулж байгаа ажлыг нэлээнгөвдөгхэсэг ч гарч ирлээ. Та үүнийг анзаар­сан уу?

-Жиргээнд үнэхээр сайн тал олон бий. Хүмүүс хоорондоо олон талын мэ­дээлэл солилцож болдгийг нь би үнэлж байна. Харамсалтай нь хотоос зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг дээдэлсэн ажлыг зарим нөхөд хэт улстөржүүлдэг нь тоогүй. Захиргааны байгууллагаас хийж байгаа ажлыг улс төрийн зорилгоор буруушааж бо­лохгүй. Шинэ удирдлагууд ажлаа авсны дараа цахим хуудсаар зохион байгуу­лалттайгаар түүнийг гутаан доромжилдог болж. Аль нэг намын даалгав­раар хотоос хийж байгаа ажлыг баллуурдах гэж оролддог. Энэ бүхнийг бид шал тоохгүй дээ. Хамгийн гол нь бид өөртөө итгэлтэй, зоригтойгоор ажлаа хийх болно. Өмнөх удирдлагууд шиг бид дарга нэрээр далайлган, бусдыг зандарч муйхарлаж зүтгэхгүй. Нийгмийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог нь хан­гана. Улсаа хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэдгийг гэр хорооллынхон маань дэндүү сайн ойлгож байх шиг. Оролцоо гэхээр үүргээ умартаж зүтгэхийг хэлдэггүй гэдгийг бид ойлгуулах гэж оролдлоо. Хамгийн чухал тогтоол, шийдвэрээ хотын иргэ­дийн саналаар шийдэж байдаг тэр зам руу өнгөр­сөн хэдэн сарын хуга­цаанд бид орлоо. Өмнөх хотын дарга нар шийдвэр гаргаж иргэд хүссэн ч, эс хүссэн ч худлаа, үнэн дагахчаан болдог байжээ. Эртээ, урьдын цагт гэдэг үлгэр шиг л байж, хөөр­хий. Саяхан даа, хотын даргын гаргаж байгаа шийдвэрийг иргэд дуулаад ангайж, гайхаж, шоконд орж байна. Иргэд энэ бүхэнд бэлтгэгдээгүй байсан учраас, тэдний буруу биш. Мэдээлэл өгөөд, эрх үүргийг нь сануулаад ирэхээр иргэд бас өөрчлөгдөх хандлага гарсан. Иргэн удирдлагын хоорондын шинэ харил­цааг бид үүсгэж чадсан. Бид гүйцэд ойлголцоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Хотыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаас өөр гарц бидэнд алга.

-Гэр хорооллыг иргэдийнх нь хүсэлтийн дагуу дахин төлөвлөхөөр болсон. Ажил урагшилж байна уу?

-Бодлого гарч байна гэдэг том өөрчлөлт юм. Өмнөх хотын дарга нар гэр хорооллыг хаячихсан бай­сан. Түр зуурын орогнох газар маягаар асуудлыг нь шийдэхгүй хаячихсан. Соц нийгэм шиг гэнэт бөөн орон сууц бариад бүгдээрээ хашаа, бай­шин­гаа хаяад орон суу­цанд орно гэсэн гэнэн мөрөөдлөөр жигүүрлэж явжээ, тэд. Ямар ч төлөвлөлт байгаагүй, тэнд. Хотын шинэ удирдлага томилогдсоноосоо хойш гэр хорооллынхонтой тулж ажиллаж байна. Ингэхгүй бол хэзээ ч энэ их утаа арилахгүй. Хөрсний бохир­дол алга болохгүй. Нийслэлийнхэн соёлжих­гүй. Хүнийг соёлтой орчинд аваачихад хүссэн хүсээгүй өөрөө тэрийг дагадаг. Орчин нь бүрдээ­гүй байхад хэчнээн мундаг лектор ухуулаад, улаан гэрт оруулаад нэмэргүй.

-Дэлхийн сүрхий хөг­жилтэй орнуудын хотожсон туршлагыг та судлаж үзсэн үү?

-Бүгд л хүй нэгдлээс эхлээд өнөөдрийг хүртэл олон зуун дамжин хөгжиж соёлт хүн төрлөхтөн өнөөдрийг бий болгосон. Гэхдээ нийтийн жишгээ дагаад сайхан хөгжиж байгаа улс олон бий. Бид яагаад тэднээс дутах гэж. Хөрөнгө оруулалт хэмээн нэрлэж байгаа тодорхой хэмжээний мөнгө бидэнд байна. Нийтийн сайн сайхны төлөө энэ мөнгийг үр, ашигтай зарцуулъя. Тэгвэл татвар төлөгчдөдөө зориулсан таатай орчныг нь бид бүрдүүлмээр байна. Улс орныг хамарсан том том бүтээн байгуулалт хийх ёстой. Гэхдээ бүтээн байгуулалтад оролцох хүмүүсийнхээ ажиллаж, амьдрах орчныг зөв бүрдүүлмээр байна. Сайхан орчинд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс тийм л орчныг бүтээхийн төлөө явна гэдэг утгаар нь ойлгоорой. Бид иргэдэд ямар нэг зүйл тулган хүлээл­гээгүй. Мэргэж­лийн архитекторуудтай зөвшилцөөд тухайн байршлийг шинээр дахин төлөвлөхдөө өөрийг нь оролцуулаад хийж байгаа. Энэ ажил дээр санхүү­гийн чадалтай компаниу­дын гэж урьсан. Урьдчил­сан байдлаар шалгарсан бүтээн байгуулалт хийх компаниуд маань иргэ­дийн 75 хувийн саналыг авахаар явж байна. Иргэд ч гэсэн энэ ажилд ухам­сартай хандажШугам сүлжээг үүгээр татах учраас би хашааны газраа суллаж өгөх хэрэгтэйгэдгээ ойлгоосой. Шугам сүлжээн дээр бие засах газар нь таарчихаар эсэргүүцээд 100-300 сая төгрөг нэхэж, янз бүрийн авир гаргаж байгаа хүн ч бий. Тэр айлын төлөө бид ажил хийгээгүй. Нийтийн эрх  ашгийн төлөө, утааны эсрэг, хөрсний бохирдлыг арилгах гэж, таныг таатай сайхан орчинд аж төрөө­сэй гэхдээ л энэ их ажлаас айлгүй хийж байна. Иргэ­дийн саналыг асуулгүй шууд л трактор авчирч хашаа, шавар байшинг нь нураадаг улс бий.

-“Газраа чөлөөлөхгүйгэж хэлээд өчүүхэн газраа олон зуун сая төгрөгөөр үнэлж байгаа зарим хүн бий гэж дуулсан. Ийм тохиолдолд та ямар шийдвэр гаргах вэ?

- Энэ үед төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй. Нялуураад, нялцганаад байвал ажил урагшаа явах­гүй. Нийслэлд тохи­жилт, арчилгаа хийхэд аж ахуйн нэгж, компаниуд дэндүү хойрго хандаж бай­на. Манай төрийн алба­ныхан л дарга, цэрэг­гүй хог цэвэрлэж байна. Танайх үнэхээр топ-150 аж ахуйн нэгжийн нэг мөн юм бол хэл, амгүйхэн үүд­нийхээ хогийг цэвэрлэ­чих. Цэвэрлээгүйдээ ичих хэрэгтэй. Нэг л их боссууд яваад байдаг. Ажид дээр нь яваад очихоор үүдээрээ дүүрэн архины шил хөг­лүүлсэн, хог нь хийссэн, өөрсдөө болохоор нэг их ганганаас цаашгүй хэцүү хүмүүс л байдаг ш дээ, үнэндээ. Тийм байж пээдийгээд юу хийнэ вэ.

-Ардчилал хөгжөөд 20 жилийн ойгоо хийлээ. Гэтэл Монгол хөгжих болоогүй байна гэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?  

-Ардчилсан замаар хөгжсөн улсуудыг харж байхад дэндүү их дэглэм, хатуу чанга шаардлагыг бүгд биелүүлж ирсэн байдаг. Бид тэгж чадаагүй. Харин сонгуулиар хэрхэн уралдаж, хурдхан улстөрч болох вэ гэсэн сунгааг л бодоод байдаг. Бүтээн байгуулалт, иргэний сайхан нийгэмийн талаар бодох ч хэрэггүй гэсэн залуусаар дүүрчээ. Манай алба хотын аж ахуйтай нэлээн зууралддаг. Тиймээс Улаанбаатар хотод хүн бүр босс байхаа больцгооё. Бүгдээрээ соёлтой, ухамсартай иргэн болж төлөвшмөөр байна.  

-Улс төрийг та ямар өнцгөөс хардаг вэ. Танд улс төрөөс таалагдахгүй байгаа зүйл, хэмнэл байна уу?

-Хэтэрхий улс төр­жихөд би дургүй. Хаана ч гэсэн би үүнийг хэлнэ. Манай хотын дарга нар хэтэрхий улстөржвөл эргээд дөрвөн жилийн дараабудааболохоо мэдэж байгаа байх. Гудам­жаа цэвэрхэн байлгая. Сайхан хотын сайхан иргэн байя л даа. Өмнө нь би хотын ямар нэг нэгжид ажиллаж байгаагүй. Бусдын адил шүүмжлэгч байлаа. Одоо өөр нүдээр хардаг, өөр хэмнэлээр ажилладаг болсон. Гадаад улс оронд явахад ямар хэрэгтэй зүйл байна гэж эрж, хайх жишээтэй. Өмнө нь огт тоодоггүй байж. Эрчим хүчний салбарт олон жил аж ахуйн ажил хийж ирсэн маань одоо л хэрэг болж байна. Өмнөх ажлынхаа ачаар би хариуцлага гэд­гийг бие, мах, цусандаа шингэтэл ойлгосон. Тий­мээс цаг нартай уралдаж ажлыг яс хийнэ дээ.