Хөдөлмөр эрхлэлтийн форум болно

2018-12-03 13:25:42

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8,  Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад  хүргэх зорилготой “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 маргааш болох гэж байна.

Нийслэлийн Хөдөлмөр ээрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж байна. Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах энэхүү форумаар “Хөдөлмөр эрхлэлтийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Ажлын хандлага нь ур чадвараас илүү”, “Мэргэжил сонголт, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа” гэсэн салбар хуралдаан болох юм.