Цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

2013-04-22 00:00:00
2013 оны 04 сарын 22 өдөр                                      дугаар А/412                                                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Ойн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6, 17.2.7, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн санд хууль бусаад мод огтлох, туулах чадвар өндөртэй тээврийн хэрэгсэлээр ойн сангийн ургамал, хөрсөн бүрхэвчийг гэмтээх, анхаарал болгоомжгүйгээс түймэр тавих зэрэг хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалж ойн төлөв байдал доройтож байгааг харгалзан ойн санг хамгаалах, ой нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ногоон бүсийн ойгоос  цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэхийг 1 жилийн хугацаагаар хориглосугай.
 
2.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, ажиллахыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай.
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ