Гэр хорооллын дахин төлөвлөлт Эсгий хотыг метрополис болгох төсөл гараанаас гарлаа

2013-04-19 00:00:00
XXI зууны дэлхийн томоохон хотуудын дотор Улаанбаатар шиг модон жорлонтой, нүүрс түлж амьдардаг, эсгий гэртэй нийслэл байхгүй. Эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийн талаарх ойлголт мартагдаж, хөрс, агаар, ус нь бохирдсон гамшгийн хотод амьдарч байсан нийслэлчүүдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асаасан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн жишигт нийцсэн метрополис хот болгоно хэмээн нийслэлчүүдэд том амлалт өгсөн. Тийм ч учраас нийслэлчүүд түүнд итгэл хүлээлгэж буй.
Э.Бат-Үүл баатар ч хэлснээс хэрэгжүүлэхийн тулд хотын дарга болсон цагаасаа хойш энэ талаарх судалгааг эрчимтэй өрнүүлэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар зарим хүний хувьд холын мөрөөдөл мэт сонсогдож байсан гэр хорооллыг барилгажуулах төсөл биеллээ олох боломжтой гэдгийг харуулав. Өнгөрсөн хоёрдугаар сард Гэр хорооллыг дахин төлөвлөх болон төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмыг нийслэлийн ИТХ хэлэлцэн баталснаар үндсэндээ төсөл хэрэгжиж эхэлсэн.
Эхний ээлжинд дахин төлөвлөлт хийх долоон байршлыг баталсны дээр өмнө нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд сонгогдсон таван байршилтай нийлээд үндсэндээ Улаанбаатар хотын гэр хорооллын 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр болж байна. Иргэдийн хувьд хоёр сонголт байгаа. Нэг нь газраа өгөөд төсөл гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн орон сууц, эсвэл түрээсийн байранд амьдарч байгаад газрынх нь оронд боссон орон сууцыг ашиглалтад ормогц байрандаа орох. Энэ хугацаанд амьдрах түрээс, нүүж суух зардлыг төсөл гүйцэтгэгч компани гаргахаар журамд тусгасан учраас иргэдэд ямар нэгэн хүндрэл гарахгүй хэмээн тооцоолж буй. Хэрэв энэ хувилбар таалагдахгүй бол тухайн оршин сууж буй газраа шинэчилсэн зохион байгуулалтад оруулах буюу нийслэлээс дэд бүтцээ шийдвэрлүүлээд, амины орон сууцаа сайжруулж, тордох. Энэ тохиолдолд иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргах шаардлагатай тул моргейжийн зээлд хамрагдаж таарна. Гэхдээ энэ бол иргэдийн сонголт. Ямар ч байсан дахин төлөвлөлт хийхээр сонгосон байршил дахь газар өмчлөгч иргэдийн 75 хувь нь дэмжсэнээр төсөл хэрэгжих боломж бүрдэнэ. Дэмжихгүй бол тухайн хэсэгт дахин төлөвлөлт хийхгүй. Хотын даргын хамгийн гол зорилго бол бохирдсон хөрс, ус, орчноос нь иргэдийг салгахын зэрэгцээ тухайн газрыг үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Түүний бодлого ямар ч байсан хэрэгжээд эхэлснийг Баянхошуу, Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргийн сонгогдсон байршлууд дахь газрын үнийн өсөлт харуулах биз.
Мэдээж энэ бол тийм амар ажил биш. Гэхдээ л Э.Бат-Үүл дарга нийслэлийнхний хүсэн хүлээж байсан ажлыг эхлүүлж чадсан. Түүний энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын толгойн өвчин болсон агаар, ус, хөрсний бохирдол буурч, иргэд аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ жинхэнэ утгаар нь эдэлнэ. Төслийн үр дүнд 4700 зуух үгүй болж, 37900 айлын орон сууц баригдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Нийт 12 байршлыг дахин төлөвлөхөд 179.8 тэрбум төгрөг шаардагдаж буй. Барилгажилт, бүтээн байгуулалтыг дагаад олон зуун, магадгүй олон мянган хүн ажлын байртай болох гээд эерэг үр дүн олон. Гагцхүү богино хугацаанд зоригтойгоор эхлүүлсэн шигээ төслийг гялалзсан үр дүнд хүргэх л чухал байна.
 
Р.Оюунцэцэг