Монголчууд ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУН үйлдвэрлэж эхэллээ

2013-04-18 00:00:00

Хог хаягдал дахин боловсруулж “Евро-4” стандартын дизель түлш, шатахуун үйлдвэрлэх “Ахуй мандал” үйлдвэр Багахангай дүүрэгт өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү үйлдвэрийн хувьд хоногтоо 10-12 тонн ажилласан тос, 10-15 тонн дугуй бүх төрлийн резин болон пластик хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Хаягдал байхгүй, утаа гардаггүй гэдгээрээ байгальд ээлтэй гэх тодотгол авч чадсан энэхүү үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн хувьд Хятад улсынх юм байна. Гэхдээ монгол инженерүүдийн ухаанаар Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохируулан өөрчилсөн тул жилийн дөрвөн улирал ажиллах боломжтойг үйлдвэрийнхэн онцлов.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр ажилласан тос ашиглан түлш гарган авч байгаа аж. 10 литр ажилласан тосыг боловсрууллаа гэхэд  найман литр түлш гарган авдаг юм байна.

Харин таван хувь нь ус, таван хувь шатах хий гарч эргээд үйлдвэртээ ашиглагддаг бол витум буюу зам засварт хэрэглэдэг түүхий эд гарган авдаг байна. Дугуйг дахин боловсруулахад түлшнээс гадна “carbin black” хэмээх бодис буюу та бидний өдөр тутам хэрэглэдэг принтерийн хорны түүхий эд гаргаж авдаг байна.

Байгальд үл шингэх түүхий эдийг дахин боловсруулахаас гадна хаягдлууд нь хүртэл эрэлт хэрэгцээтэй учраас эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэдэг нь харагдаж байлаа. Хамгийн гол Улаанбаатарын хотын тулгамдсан асуудал болох хог хаягдлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгээрээ томоохон хувь нэмэртэй байлаа.  


ӨДӨРТӨӨ 10-12 ТН ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛЖ 7-8 ТН ТҮЛШ ГАРГАЖ АВАХ БОЛОЛЦООТОЙ

“Алтан оршихуй” ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Энхмандалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хоногтоо 10-12 тн ажилласан тос, 10-15 тн дугуй дахин боловсруулах хүчин чадалтай гэсэн. Үүнээс хэчнээн тонн дизель түлш, автобензин гаргаж авах боломжтой вэ?
-Манай үйлдвэр 2011 онд байгуулагдсан 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэр. Хуванцар, дугуй, ажилласан тос дахин боловсруулж гаргаж авсан түлшнийхээ дээжийг шинжлүүлэхэд Евро-4 стандартыг хангасан байгаа. Өдөртөө 10-12 тн түүхий эд боловсруулж 7-8 тн түлш гаргаж авах бололцоотой.

-Үнийн хувьд?
-Одоохондоо хараахан үнээ тогтоогоогүй байна. Гэхдээ мэдээж зах зээлийн үнээс доогуур баланс хангасан байх болов уу.

-Түүхий эдээ яаж татаж авч байгаа вэ. Мэдээж тодорхой хэмжээний өртөгөөр худалдаж авч байгаа байх?
-Бид нар хуванцар, дугуй, ажилласан тосыг тодорхой хэмжээгээр үнэлээд өөрсдөө цуглуулж байгаа. Дугуйг гэхэд нэг кг нь 30-50 төгрөг, ажилласан тосыг чанараас нь шалтгаалан 300-350 төгрөг. Мэдээж хүмүүс өөрсдөө үйлдвэрт авчирч өгвөл арай өөр үнэлгээтэй. Одоогоор нэг сарын нөөц түүхий эдээ татчихсан байгаа.
 
-Хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бол?
- “Ахуй мандал” үйлдвэрт бол 40-50 хүн ажиллаж байгаа. Дахин  боловсруулах үйлдвэр маань бүрэн автомат учраас үйлдвэрийн орчинд гэвэл хоёр хүн ажилладаг. 

 
-Үйлдвэрийн нийт өртөг хэд вэ. Цаашдаа мэдээж үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа байх?
-Энэхүү үйлдвэрийг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр босгосон. 2-3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж хэлж болно. Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой болсноор дүүргийнхээ иргэдийг хямдхан түлш шатахуунаар хангаад зогсохгүй Улаанбаатар хотын хог хаягдлыг 30 хувиар бууруулж, хогийг ангилан ялган боловсронгуй системтэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Дээрх гурван төрлийн хаягдлаас гадна цаас, шил, үнс зэргийг дотооддоо дахин боловсруулж импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр судлаж байгаа. Ингэснээр 1000 орчим ажлын байр бий болгох бүрэн боломж бий.

Улаанбаатарын Нарангийн энгэрийн хогийн цэгт жилдээ дунджаар 400 мянган тонн хог хаягдал овоордог. Үүний 20 хувь нь пластик эзэлдэг байна. Хоёрдогч түүхий эд авах цэгүүдийн тоог нэмэхээр энэхүү үйлдвэрийн хувьд нөөцийн хувьд асуудал гарахгүй л болов уу. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед хаягдал дугуй, ажилласан тос гээд тооцоолоод үзэхээр нэлээд том тоо гарах биз ээ. Хаа сайгүй хөглөрч хэвтдэг гялгар уут, урд хөрш рүү гаргаж буй ундааны сав, байгаль бохирдуулагч бүхнийг дахин боловсруулах үйлдвэр байгуулагдаж байгаа нь үнэхээр бахархууштай санагдлаа.

                                                                                                                                                             Б.Ирээдүй