Дахин төлөвлөлт хийх компаниуд иргэдтэй "Нүүр тулж" ажиллаж байна

2013-04-05 00:00:00

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлийн 12 байршилд дахин төлөв­лөлт хийхээр болсон. Энэ хүрээнд дахин төлөвлөлт хийх 18 барилгын компанийг өнгөрсөн сард шалгаруулсан. Одоо тэдгээр ком­паниуд тухайн байршил бүр дээр ажиллаж, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм. Үүний дараа энэ сарын 6-нд иргэдийн саналд үндэслэн яг хэдэн компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох вэ гэдгийг тогтоох юм. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг “Эхний ээлжийн дүн өнгөрсөн сарын 18-нд гарсан. Одоо дөрөвдүгээр сарын 6-нд эцсийн дүн гарах ёстой. Үүний дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болно. Ер нь бол 18 компани эхний ээлжинд шал­гараад байгаа шүү дээ. Эдгээр ком­паниудаас иргэд өөрсдөө сон­голтоо хийнэ. Бүгд үлдэх боломж бараг л байхгүй болов уу. Компаниуд иргэдэд үйл ажиллагаа, ажлын туршлага, төлөвлөгөө зэр­гээ танилцуулах ёстой. Тэр үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байгаа” гэв.

Харин компаниудын хувьд одоогоор тус тусын байршил­даа иргэдтэй уулзалт хийж, танилцуулгаа өгч ажиллаж байгаа аж. Энэ сарын 6-нд санал хураалт явуулснаар компаниудыг эцсийн байдлаар сонгох учиртай. Тиймээс компаниуд иргэдэд таалагдахын тулд “нүүр тулж” ажиллаж байгаа юм байх. Зарим компанийн дахин төлөвлөлт хариуцсан ажилтантай холбогдож энэ талаар тодрууллаа.

“Асар өргөө” ХХК-ийн дахин төлөвлөлт хариуцсан менежер Э.Мөнхтулга “Манай компани Сүх­баатар дүүргийн долдугаар хороолол, 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороонд дахин төлөвлөлт хийхээр бол­сон. Иргэдийнхээ саналыг хэрхэн авсныг харгалзаж сонгогдох ёстой. Одоогоор тухайн нутаг дэвсгэрт газар өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 6-нд хэрвээ сонгогдвол үүнээс хойш сарын хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй илүү тулж ажиллаж, саналаа тавиад, төслүүдээ танилцуулах юм. Иргэдийн хувьд бид­ний газрыг хэрхэн яаж үнэлэх вэ, эсвэл хэдэн өрөө байр өгөх вэ зэрэг асуудлыг илүү сонир­хож байгаа. Бидний хувьд одоогоор зөвхөн компанийнхаа танил­цуулгыг өгч байна. Газрыг тэдэн төгрөгөөр үнэлнэ, эсвэл тэдэн өрөө байр барьж өгнө гэх мэт зүйлсийг одоо ярих боломжгүй шүү дээ” гэлээ. Харин “Гангар инвест” ХХК-ийн маркетингийн менежер Н.Лхагважав “Бид иргэд­тэй уулзаад ямархуу байдлаар саналаа өгөх вэ, хэзээнээс эхлэн ажлаа эхлэх боломжтой вэ, ком­панийн хүчин чадал, түүх гэх мэтээр ерөнхий танилцуулга өгч байгаа. Манай компанийн хувьд тодорхой хэмжээнд бэлэн болчихсон төс­лүүдээ санал болгож байна. Гэхдээ бид иргэдэд газрыг чинь тэдэн төгрөгөөр худалдаж авна, тэдэн өрөө байр өгнө гэх мэтээр ямар нэгэн амлалт өгөхгүй. Үүн дээр төр засаг тодорхой зохицуулалт хийж өгөх байх. Тэгэхгүй бол хүн бүр газраа 100 саяар үнэлээд эхэлбэл бүтэхгүй шүү дээ” гэсэн юм.

Ямартай ч одоогоор сонгогдсон ком­паниуд нийслэлийн 12 байршилд иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бололтой. Гэх­дээ иргэдийн хувьд дахин төлөвлөлтийн талаар төдийлөн мэдээлэлгүй байгаагаа хэлж байсан. Ялангуяа газрын үнэлгээ, байр, байшин барилаа гэхэд хэзээ ашиглалтад орох зэрэг асуудлыг илүү сонирхож байгаа. Түүнчлэн газ­рыг нь аваад, ямар нэгэн байр ба-рилгүйгээр алга болох вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. Иргэдийг газраа зарахгүй байх вий гэдгээс барилгын компаниуд тун болгоомжилж байгаа аж. Тийм ч учраас төрийн тодорхой зохицуулалт хийх болов уу гэсэн хүлээлттэй байгаа бололтой. 

 

                                                                                                                        Л.Энхдэлгэр