Г.Ганхүү : Метро төслийг дэмжинэ гэдэгт найдаж байна

2013-04-03 00:00:00
НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүтэй ярилцлаа.

-ИЗЗН-аас НИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хувьд нийслэлийн бүтээн байгуулалтад ямар хувь нэ­мэр оруулж байна?

-Манай намын хувьд түүхэндээ анх удаагаа  нийслэлд төлөөлөлтэй болсон. 2012 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг Ардчил­сан намын мөрийн хөтөлбөртэй уялдуу­лах тал дээр нэлээд ажиллалаа. Намын­хаа мөрийн хөтөлбөрийн хоёр том заалтыг ирэх дөрвөн жилд нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, бодло­год оруулж чадсан. Тэрний нэг нь метро төсөл байгаа. Гэхдээ метро бол ганц ИЗНН-ын гэхээсээ илүүтэй бүх намын мөрийн хөтөлбөрт орсон учраас ногоон гэрлээр дэмжигдсэн. Хоёрдахь зүйл нь дүүрэг бүрт залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцол­бор барихыг мөрийн хөтөлбөрт суулга­сан. Мөн урлагийн хүний хувьд рок, попын төв буюу шинэ концерт заал барих төслийг биечлэн хариуцаж энэ оны зураг төслийн төсөвт тэрбум төгрө­гийг оруулсан байгаа. Ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж өөрс­дийн­хөө бодож төлөвлөсөн зүйлүүдийг бага багаар хэрэгжүүлээд явж байна.

-Метро төсөл саяхан НИТХ-аар батлагдлаа. Зарим төлөөлөгчид мет­рог нэлээд шүүмжилж байсан. Энэ ажлыг улс төржүүлж байна гэх тө­лөөлөгчид ч байсан?

-Анх ИТХ байгуулагдсанаасаа хойш бид метро төслийг ярьсан. Өнөөгийн Улаанбаатрын нийтийн тээврийн асуу­дал хүнд байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Мөн хот төлөвлөлтийн асуудал хүндэрсэн. Хотын өмнөх удирдлагууд хот төлөвлөлт дээр муу ажилласан нь харагдаж байна. Эрхзүй талаасаа зохицуулах ёстой олон ажлыг нийслэ­лийн удирдлагууд зоригтой хийж байна. Нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шийдэх ганц гарц нь метро гэдгийг хаа, хаанаа ойлгож, дэмжиж байсан боловч VIII хуралдаан дээр нэлээд эсэргүү­цэл­тэй тулгарлаа. Метроны асуудлыг улстөржүүлж байгаа уур амьсгал хараг­даж байсан. Хурлын эхэнд бидэнтэй хамт метрог дэмжиж байсан МАН-ынхан хүртэл эсрэг байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ шүүмжлэл хүртсэн ч олонхийн саналаар дэмжигдсэн нь сайшаалтай. Цаашдаа Засгийн газар, УИХ-ын хэмжээнд хэлэлцэгдээд дэмжиг­дэх байх гэж найдаж байгаа. Энэ төсөл маань ганцхан нийтийн тээврийн асууд­лыг шийдэх биш метрог дагаад маш олон асуудлыг давхар шийдэж бай­гаагаараа ач холбогдолтой.

-Метротой болох мөрөөдөл одоо ажил хэрэг болж иргэд 2020 онд метрогоор зорчдог болно. Магадгүй Засаг, төр солигдоод метро хугацаан­даа ашиглалтад орж чадахаа байчих вий гэсэн хардлага нийгэмд байна?

-Энэ бол нийслэлийн хувьд урьд өмнө нь байгаагүй том төсөл. Аливаа том төслийг улс төржүүлээд зогсоохоос илүү нийслэлийн хөгжил дэвшил, цаашдын аж амьдралд тустай ажил гэдгийг ойл­гоод хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Ажил нэгэнтээ эхэлчихсэн хойно дараа, дараагийн намын төлөөллүүд үргэлжлүүлээд хийгээд явах байх. Харин олон хүний санаа зовнин асууж байгаа зүйл нь санхүүгийн асуудал. Урдьчилсан байдлаар 1,5 тэрбум ам.доллар шаард­лага­тай гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ санхүүжилтийг яаж босгох уу гэдэг нь хүмүүсийн сонирхлыг татаж байгаа байх. Тал санхүүжилтийг нь Японы Засгийн газраас буцалтгүй тусламж, удаан хугацааны хөнгөлттэй зээлээр шийдэх саналаа илэрхийлсэн байгаа. Яагаад гэхээр 90 оноос хойш чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нийт тусламжийн 70 гаруй хувийг Япон улс хангасан байдаг. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа.

-Яагаад Японы Жайкаг сонгосныг олон төлөөлөгч сонирхож байсан?

-Жайка гэдэг Японы нэг компани биш энэ бол Олон улсын хамтын ажиллагаа­ны байгууллага. Энэ хэмжээний судал­гаа хийнэ гэдэг маш том ажил. Судалгаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тэвчээр их шаар­дана. Ийм ажлыг үнэ төлбөргүй­гээр хийгээд өгч байхад эсэргүүцэж байгаа нь ёс зүйгүй юм болов уу гэж хувь­даа харж байсан. Япончууд аливаа нэг ажлыг хийхдээ заавал ард нь гардаг. Дээ­рээс нь технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашигладаг. Мэдээж олон улсын тендер зарлагдаад явах бо­ловч япон­чуудтайгаа хамтраад ажлаа хий­сэн нь үр өгөөжтэй, илүү найдвартай байх.

-Азид дөрвөн улс метрогүй байгаа талаар та VIII хуралдаан дээр хэлж байсан. Тэгэхээр бусад улс орон хэрхэн метротой болсон талаар нэлээд судалсан байх?

-Анх метроны талаар 2003 онд би “Өнөөдөр” сонинд нийтлэл бичиж бай­сан. Тэр үед хүмүүс янз бүрээр л хүлээж авч байсан. Өнөөдөр эргээд харахад бүх намын хөтөлбөрт орчихсон. НИТХ-аар хэлэлцэгдээд батлагдчихлаа. Тэгэхээр хүний мөрөөдөл биелдэг юм байна гэдгийг тэр үед би хэлж байсан. Аливаа нэгэн зүйлийн зорилт тодорхой байх юм бол түүнд хүрэх аргыг яаж ийгээд олдог. Одоо метроны зорилт нь тодорхой байна. 2020 оны есдүгээр сарын 1-нд туузаа хайчилна. Өнөөдөр Лондон хот метро байгуулагдсныхаа 115 жилийн ойг тэмдэглэж байна. Хаа байсан 115 жи­лийн өмнө Лондончууд метро гэдэг зүйлийг сэдээд, бариад эхэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр техник технологижсон эрин үед Улаанбаатар хотод яагаад метро барьж болохгүй гэж. Мэдээж цоо шинэ зүйл мөн, суралцах зүйл их байгаа. Дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхая гэж бодож байгаа бол тэднээс хоцрохгүй байх хэрэгтэй. Энэ утгаараа Азид Лаос, Камбожи, Мянмиар, Монгол гэсэн дөрвөн орон метрогүй байна гэж хэлсэн. Вьет­намд Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар метро байгуулж байгаа. 2020 он гэхэд сая 700 гаруй хүнтэй болно гэж төлөвлөөд байгаа энэ хотод тэлэлт хийх боломж байхгүй. Тиймээс метро хамгийн тохиромжтой юм гэдэг нь аль, аль судалгаан дээрээс харагдсан.

-Танд нийслэлийн иргэд их хандаж байна уу?

-Байнга хандана шүү дээ.

-Ямар асуудлаар голчлон хандаж байна?

-Би барилга байгууламж, инжене­рийн талын хүн биш. Нийслэлд орсноос хойш олон талын мэдлэгтэй болж байна. Иргэд хандахгүй зүйл байхгүй. Зарим нэг ажлууд цаг хугацааны хувьд хэрэгжихгүй зүйл байна. Бид нар найман газар төлбөртэй зогсоолыг бий болгосон. Гэтэл иргэд төлбөртай зогсоол дээр нь зогсох­гүй наагуур нь шаваад байна. Энэ бүхнийг яаж зохицуулах уу гээд хүмүүс ирж уулздаг. Зарим нь барууны систе­мийг бий болгоё, гар утас хөгжсөн энэ үед төлбөр тооцоогоо утаснаас хийж болох, дулаалгын системийг өөрчлөх зэрэг миний мэдэхгүй  олон бүтээлч санаа­нуу­дыг хэлж ханддаг. Үүнийг судалж үзээд хамтарч ажиллах, цаашлаад хуралд хэлэх үүргээ биелүүлж байна гэж бодож байгаа. Дээрээс нь урлагийн хүн учраас манай урлагийнхан их ханддаг. Мэдээж зарим иргэдээс шүүмж ирнэ. Би намын листээр орж ирсэн учраас тухайлсан тойрог төлөөлөөгүй. Ер нь зовлон жаргал ярьсан, мөнгө төгрөг, хандив нэхсэн хүмүүс их ирнэ. Аль болохоор л зохи­цуулаад дэмжээд явж байна даа.

-Рок, попын тоглолтын заал бари­хаар төсөвт суулгасан гэсэн. Хаана, ямар концерт заал барих гэж байна?

-Энэ жил баригдах бүтээн байгуу­лалтын зургийн төсөвт нийтдээ арван тэрбум төгрөг зарцуулагдахаар суугдсан. Үүнээс нэг тэрбум төгрөгийг нь рок, попын тог­лолтын заал барих зураг төсөлд зар­цуулна. Зураг төсөл хэзээ хийгдэх вэ гэ­хээр газар авсны дараа хийгддэг юм би­лээ. Харамсалтай нь одоо газрын асуу­дал дээр гацчихаад байна. Нийс­лэлд­ ямар ч газар байхгүй. Бүгдийг нь за­раад эсвэл хэн нэгэнд олгочихсон. Бид нар одоо гурван газар төлөвлөчихөөд Өм­чийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханд албан бичиг хүргүүлэх гээд байж байна.

-Ямар гурван газар төлөвлөөд байна?

-Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд, ДСНК-ийн баруун талд, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн гурван газарт рок, попын тоглолтын заал барихад туслалцаа үзүүлээч гээд албан бичиг хүргүүлэх гэж байна даа.

-Ойрд уран бүтээл хийж байгаа юу?

-Сүүлийн үед уран бүтээл их хийж байна. “Зуун хувь амьд” нэртэй CD гаргалаа. Нэг дуу маань хит болоод тэрэндээ урамшаад хоёрдахь дуугаа хийгээд дуусах шатандаа явж байна даа.

Ж.ГАНЦЭЦЭГ