НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдов

2012-07-09 00:00:00

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ирэх 4 жилд нийслэлийн парламентийг Д.Баттулга удирдахаар болж байна. Тэрээр өмнө нь МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байв.

НИТХ-ын дарга Д. Баттулга хэлэхдээ: Нийслэлчүүд та биднээс ирэх 4 жилд маш их зүйл шаардана. Өөрөөр хэлбэл 4 жилийн дараа нийслэлчүүдийн АН-аас нэхэх нэхэл хатуу байх болно. Итгэлийг хүлээж, хоёргүй сэтгэлээр ажиллахыг НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдээсээ хүсье. Мөн бид бүхний хотынхоо төлөө хийх сайн ажлыг дэмжиж, саар ажлыг шүүмжлэхийг сөрөг хүчний намуудын төлөөлөгчдөөс хүсч байна гэж хэллээ.

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг төдийгүй хурлын тэргүүлэгчдийг сонгох учиртай. Төлөөлөгчдөөс Э.Бат-Үүл, Д. Амарбаясгалан, С.Очирбат, Ц.Одонтунгалаг нар НИТХ-ын тэргүүлэгчид сонгох асуудлаар үг хэллээ. НИТХ-ыг жилд 2 удаа хуралддаг байх биш байнгын ажиллагаатай байлгах саналыг тэд хэлэв. Өнөөдөр мөрдөгдөж буй эрх зүйн байдлын тухай хуулиар байнга ажиллах боломжгүй тул нийслэлийн аж амьдралыг сар бүр хэлэлцдэг тэргүүлэгчдээ сонгохоор боллоо.  НИТХ 11 тэргүүлэгчтэй байдаг. Энэ удаагийн нийслэлийн парламентад олонхи болсон АН-ын бүлэг болон МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-ын төлөөлөгчид тэргүүлэгчдээ сонгохоор 1 цагийн завсарлага авлаа.