Ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг шинэчлэн тогтоолоо

2013-03-28 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт тогтоосон гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.  НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталж, хураамжийг тогтоосон байдаг. Харин Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар болон хэрэгжүүлэгч Агентлагийн бүтцийг баталснаар нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Нийслэлийн Тээврийн газар болон өөрчлөгдөж, Улаанбаатар хотын доторх ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм. Тиймээс ачааны автомашинд түр зөвшөөрөл олгох чиг үүргийг Нийслэлийн Цагдаагийн газраас шилжүүлж нийслэлийн Тээврийн газар хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 2013 оны 3 дугаар сарын 11-нд хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалтай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам шинэчлэн батлагдсан учраас ачааны автомашинд олгох түр зөвшөөрлийн хураамжийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.  
Нийслэлийн ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцээд,  Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт тогтоосон гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийг “В” ангиллын ачааны автомашинаас өдөрт 1000 төгрөг, “С” ангиллын ачааны автомашинаас өдөрт 1500 төгрөг, “СЕ” ангиллын ачааны автомашинаас өдөрт 2000 төгрөг байхаар тогтоолоо. Харин энэхүү түр зөвшөөрлийг хагас жилийн хугацаатай олгоход “В” ангилал 10 000 төгрөг, “С” ангилал 15 000 төгрөг, “СЕ” ангилал 20 000 төгрөгийн хураамж төлөхөөр баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.