“Улаанбаатар метро” төслийг дэмжлээ

2013-03-28 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг танилцууллаа.

Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар метро төслийн судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Ази номхон далайн орнуудын дийлэнх нь метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдаг байна.  2030 он гэхэд Улаанбаатар  хотын хүн ам 1,7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3,1 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм. Тиймээс 100 жилийн дараах Улаанбаатар хотыг төсөөлж төлөвлөлт хийх нь чухал байгааг тэрээр онцлон хэллээ.  Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилтэт хувилбар болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэхэд 7 жил хангалттай гэж төслийн баг үзжээ.  “Улаанбаатар-Метро”-ны эхний бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм байна.  Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийсэн байна. Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.  Мөн метро барих ажил эхэлснээр 156 мянган  шинэ ажлын байр нэмэгдэнэ гэж төслийн багийхан үзэж байна.  Улаанбаатар хот метротой болоход нийтдээ 1,5 тэрбум ам долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.  Японы Засгийн газраас 600 сая долларыг хөнгөлттэй зээлээр  метро хийх төсөлд зориулан олгохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхи нь энэ төслийг дэмжсэнээр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг дээд шатны байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх тогтоолыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг Засгийн Газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.