Өөрсдөө хийхүй бол дуугуй суу, бусад нь хийг

2013-03-27 00:00:00
Энэ сарын эхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан “Нийслэлийн Иргэний танхим”-д “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын төсөл,  ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016” төслийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байсан билээ.
Тэр үед энэхүү хэлэлцүүлгээр хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн тал дээр хогны төлбөрийг нэмэгдүүлэх, ам бүлийн тоогоор төлбөр хураах тогтолцоонд шилжүүлэн хог хаягдлын талаарх иргэдийн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулах, хог ангилан ялгах, боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай ашиглалтанд оруулах, нэмж барих саналыг иргэдийн зүгээс тавьж хөтөлбөрийн төслийг дэмжиж өөрсдийн саналыг хэлж байлаа. Харин гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар гудамжаар нь загварчилж ижил загвар хэмжээтэй болгох, байрлуулахыг хориглосон гудамж зам талбай, барилга байгууламжийн жагсаалтыг батлуулах хэрэгтэй байгаа талаар хэлж ийн иргэний танхимаар хэлэлцүүлж санал авч байгаад талархаж байгаагаа илэрхийлж байсан. Бас энэ талаарх хөтөлбөр болон журам батлагдан гарсны дараа зоригтой хэрэгжүүлж ажиллахыг хүсч, сануулж байсан.
Гэтэл өнөөдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хэлсэнчлэн хотын удирдлагууд нэн яаралтай нийслэл хотын гудамж талбайд байрлах болсон болоогүй, уранхай, ноорхой салбайж хэвтээ рекламны самбаруудыг цэгцлэх журмаа баталж ажлаа эхэлтэл томоохон аж ахуйн нэгжийн нөхдүүд нийлээд юу ч гэнэ үү нэг л сүрхий урт нэртэй түр холбоо гээчийг байгуулаад үүний эсрэг тэмцэх тухай мэдэгдэж суух юм. Хэдийгээр тэд бизнесийн үйл ажиллагаагаа бусдад сурталчилж орлого ашгаа нэмэгдүүлэх гэж байгаа ч гэлээ нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн гар бие оролцохоо байг гэхэд нэрмээс болохгүй баймаар юм.
Санаанд нь, үйл ажиллагаанд нь нийцэхгүй л бол түр хороо гээчийг байгуулж тэмцэнэ гэж ичихгүй том дуугарахаа урьтал болгохоосоо өмнө эхлээд нийтийн, тэр дундаа үйл ажиллагаа явуулж буй аймаг, хотынхоо өнгө үзэмжид анхаарах ёстой биш гэж үү. Сав л хийвэл харийнхныг дуурайж байдаг бидний хувьд ядаж метрополис хот болохынхоо тухайд гудамж, талбайнхаа өнгө үзэмж, хаягжилтийг нь нэг бүрчлэн дуурайгаад, хуулаад авчихвал тэр чинь нэг дэвшил шүү дээ. Өөрөө хийж чадахгүй бол сайн хуулбарла гэсэн үг байдаг биз дээ. Тэгэхээр сайн хуулбарлачихад л хангалттай, бидний хувьд.
Ирэх сарын сүүлчээр тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор дээр хэлсэн ажил маш эрчимтэй хийгдэж байгааг онцлох хэрэгтэй болов уу.  Эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Улаанбаатар хотын хориглосон газруудад байрласан зар сурталчилгааны самбаруудыг цэгцэлж, Цагаан зурваст орсон самбаруудыг буулгах ажил эхлэсэн.
 
Энэхүү ажлын явц ямар байгаа талаар Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Э.Даваахатангаас тодруулсан юм.
 
-Шинэ журам мөрдөгдөж эхэлснээс хойш рекламны самбар буулгах ажлын явц ямархуу байгаа вэ?
-Нийт 600 гаруй самбар буулгахаас өнөөдөр /өчигдөр/ өглөөний байдлаар 200 гаруйг буулгаад байна. Байнга тасралтгүй буулгаж байгаа болохоор тооны хувьд яг нарийн тоо хэлэхэд хэцүү л дээ.
Рекламны самбар буулгах ажлыг дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэргээс бүрдсэн ажлын хэсэг гарч, хяналт тавьж ажиллаж байгаа.
 
-Сая Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт самбар буулгаж байсан нэг ажилтан гэмтэж амь насаа алдлаа шүү дээ. Энэ талаар та бүхэнд танилцуулсан зүйл бий юу?
-Самбар буулгах процесст дүүргийн холбогдох байгууллагууд нь хяналт тавьж байгаа. Байгууллага аж ахуйн нэгжтэй дүүрэг нь гэрээ байгуулаад буулгах ажлыг зохион байгуулсан. Сая гарсан ослын тухайд дүүрэгтэй гэрээ хийгээгүй хоёр байгууллага хоорондоо гэрээ хийсэн юм билээ.
 
-Рекламны самбар буулгаад ачаад явж байгаа техник хэрэгслийн тухайд аюулгүй байдал талаасаа их хангалтгүй байна. Үүнд ямар газар хяналт тавьж байгаа вэ. Тухайлбал, Яармагийн рекламны самбарыг буулгаад ачиж яваа авто машин ойр орчимдоо яваа тээврийн хэрэгсэл хийгээд хүмүүсийг гэмтээхгүй гэх баталгаагүй замын хөдөлгөөнд оролцож байна?
-Энэ бүхэнд тухайн дүүргийн Замын цагдаагийн тасаг хяналт тавьж ажиллах ёстой хэмээн хариуллаа.
Хэдийгээр аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа ч гэлээ нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулахад нэг том алхам хийж байгаад иргэд талархаж сууна. Нөгөө талаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажиллахгүй бол нэгийг бүтээх гэж эрдэнэт хүний алтан амь үрэгдэх ёсгүй гэдгийг хаа хаанаа анхаарах биз ээ.
                                                                                                              
 
Б.Болорчимэг