“Улаанбаатар-Метро” төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж батална

2013-03-27 00:00:00
Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Жайкагийн төслийн багийхан Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, энэхүү төслийг 3 дугаар сарын 28-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон.
Жайкагийн төслийн багийн үзэж байгаагаар Улаанбаатар хотод 2030 он гэхэд хотын хүн ам 1,7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3,1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс Ази номхон далайн орнуудын нийтийн тээврийн хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.  Хэрвээ “Улаанбаатар-Метро” байгуулах ажлыг эрчимжүүлэн эхний бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой.
Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих нь Улаанбаатар хотод хамгийн тохиромжтой гэж төслийн багийхан үзжээ. Улаанбаатар метрог байгуулахдаа баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6,6 км зайд газар доогуур зам тавьж, хотын хоёр захаар өргөгдсөн хэлбэрээр барьж, авто замаас бүрэн тусгаарлагдсан системтэй байхаар тооцсон байна.
Улаанбаатар метортой уялдуулан газар доорхи хот байгуулалтын ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлж, хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөлөж байгаа юм. "Улаанбаатар метро"-гоор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлөн автобусаар 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой болно. Мөн метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл сайжрах юм. 
Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1,5 тэр бум ам долларын санхүүжилтээр “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм. Гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтыг төсөл хэрэгжих 7 жилд хуваавал жил бүрийн төсөвт дарамт болохгүйгээр Улаанбаатарыг метротой болох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.