22-ын товчооны замыг зассан компанийг шалгаж байна

2013-03-25 00:00:00
БНХАУ-ын “Чи Чи Ха Ар” компани, “Бэрх зараа” гэх манай улсын туслан гүйцэтгэгч компанитай өнгөрсөн 2010 оны аравдугаар сард гэрээ байгуулж, “22-ын товчоо”-ны 10.6 км автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон. Гэвч уг зам ашиглалтад оролгүй гурван ч зуныг үдэж буй билээ. Хэзээ дуусах нь ч тодорхойгүй. Энэ талаар Автозамын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.  

-22-ын товчооны гэгдэх замын засвар хэзээ дуусах вэ? 

-Одоогоор энэ ажлыг хэн гүйцэтгэх, зам засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Анх тендерт шалгарч, зам засварын ажил гүйцэтгэж байсан “Чи Чи Ха Ар” гэх БНХАУ-ын компани “Бэрх зараа” хэмээх манай улсын туслан гүйцэтгэгч компанитай үгсэн хуйвалдаж, улсын хөрөнгийг луйвардсан байж болзошгүй гэж үзэж байгаа.  Мөн энэ хугацаанд “Чи Чи Ха Ар” компани гэрээний үүргээ гүйцэтгээгүй, бэлтгэл ажлыг хангаж ажиллаагүй учраас гэрээг цуцалсан. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа.   

-“Чи Чи Ха Ар” компанид нийслэлийн төсвөөс хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? 

-22-ын товчооны гэх нийт 10.6 км замыг засахад 12 тэрбум төгрөгийн төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар долоон тэрбум төгрөгийг “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг “ компани авсан. Гэтэл 6.5 тэрбум төгрөгийн ажил хийсэн байгаа юм. Үлдсэн 500 сая төгрөгийг цагдаагийн байгууллага тухайн байгууллагаас гаргуулж өгөх байх. Замын засварт хэрэглээгүй таван тэрбум төгрөг үлдсэн. Энэхүү мөнгийг “Монос”-ын товчооноос 22-ын товчоо хүртэлх таван км авто замыг бариулах, дахин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд зарцуулах юм. Гэвч өмнөх гэрээ цуцлагдаагүй учраас энэ ажил түр зогсоод байна.  

-22-ын товчооны зам зургадугаар сарын 27 гэхэд ашиглалтад орно гэж нийслэлийн удирдлагууд хэлж байсан?  

-“Монос”-ын уулзвараас товчоо хүрэх таван км замыг үүрэг гүйцэтгэгчээр хийлгэж,  цаад талын 4.5 км замыг хуучин гүйцэтгэж байсан “Чи Чи Ха Ар” компаниар хийлгэж дуусгах ёстой байсан. Гэтэл “Чи Чи Ха Ар” компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул энэ ажлыг зосгоох чиглэл өгсөн. Эрүүгийн цагдаагийн газарт асуудал шийдэгдтэл энэ замыг засварлах ажил гацаанд ороод байгаа. 

-Тендер, сонгон шалгаруулалт явагдахгүй гэсэн үг үү? 

-Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж дууссаны дараа тендер зарлах байх.  

-Нийслэлийн зам зсварын ажил хэзээ эхлэх вэ? 

-Нийслэлийн зам засварын ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 27-нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар их хуралтай холбогдуулж, мөн цаг агаарын байдал гайгүй бол ирэх сарын 1-нээс зочид төлөөлөгчид зорчих хэсэгт буюу Чингисийн өргөн чөлөө, Бага тойруугийн замд хэсэгчилсэн ажил хийж эхэлнэ. 


Д.ЖАРГАЛ