30 мянгаар хоттой танилцах жуулчны автобус

2018-06-21 12:19:27

Нийслэлийн аялал жуулчлалын газраас гадаадын болон дотоодын жуулчдад зориулж, Улаанбаатар хоттой танилцах  “Сити тур” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлтэй танилцахаар өчигдөр (2018.06.20) Сүхбаатарын талбайг зорьсон юм.

Автомашины зогсоолд улаан өнгийн, цэмбэгэр, хоёр автобус зогсож харагдав. Төслийн ажил эхлээд ердөө долоо хонож байгаа учир өнөөдрийн аялал хүн багатай аж. Европоос ирсэн дөрвөн жуулчин Улаанбаатар хоттой танилцахаар аль хэдийнэ суудлаа эзэлжээ.  Автобус Сүхбаатарын талбайгаас 10.00 цагт хөдлөөд 17,00 цагт буцаж ирснээр тухайн өдрийн аялал дуусдаг аж. Автобусан дотор орж суувал тохитой, цэвэрхэн юм. 

Мөн жуулчдад үйлчлэх хөтөч, орчуулагч нар ажилладаг юм байна. Бид “Сити тур” төслийн менежер Б.Одонтунгалагаас дараах тодруулгыг авсан юм.

-Автобустай аялал төслийнхөө талаар танилцуулаач?

-НИТХ-аас тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж тус бүр гарч, “Сити тур” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл 2018 оны зургадугаар сарын 18-аас аравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

-Хэдэн автобус ямар маршрутаар аялах бол?

-Одоогоор хоёр автобус үйлчилгээнд гарч байна. Нэг автобус нь хот дотор өдөр бүр явна, Нөгөө автобус  нь Цонжин болдог руу долоо хоногт гурван удаа Мягмар, Лхагва, Бямба гаригуудад явж байгаа. Хот доторх аяллын маршрутад түүхэн дурсгалт газрууд болон музей үзэх зэрэг хөтөлбөр багтдаг юм.

-Гадаад, дотоодын жуулчид аяллыг хэр сонирхож байна?

-Төсөл хэрэгжиж, танилцуулах үе шатандаа явж байгаа учир захиалга эхнээсээ ирж байна. 

-Улаанбаатар хоттой танилцая, аялъя гэвэл билет хаанаас авах вэ?

-Жуулчдын мэдээллийн дөрвөн төвөөр тасалбар борлуулагдана. Төв шуудан, Гэрэлт гудамж, Сөүлийн гудамж, хүнсний 1-р дэлгүүрийн урд жуулчдын мэдээллийн төвүүд байрлаж байгаа юм. Билетийн үнэ хот доторх аялал 30,000 төгрөг, хот орчмын аялал 40,000 төгрөг.

-Аяллын автобусныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Жуулчдын ая тухтай байдлыг хангах үүднээс иж бүрэн тоноглосон автобус үйлчилгээнд гаргадаг. Хөргөгч, зурагт, интернет, орчуулгын төхөөрөмж гээд бүгдийг шийдсэн. Төсөл аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлээд амжилттай байвал цаашдаа байнгын ажиллагаатай болох юм.

Автобус ч яг цагтаа хөдөлж Тусгаар тогтнолын талбайд байрлах Үлэг гүрвэлийн төв музейг зорьсон юм. Түгжрэл энэ үеэр гарсангүй, ердөө арав хүрэхгүй минутын хугацаанд зорьсон газартаа ирж, зогсов. Жуулчдыг музей үзэхээс нь өмнө тэдний нэгэнтэй нь уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Словак улсын жуулчин Невенка Давлжекер:

- Монголд хэр хугацаанд аялахаар төлөвлөсөн бэ?

-Бид Словак улсаас ирсэн. Манай улс зүүн Европт байрладаг. 1991 оноос Чех улсаас салж тусдаа улс болсон. Монгол Улсад таван өдөр аялах төлөвлөгөөтэй байна. Аялал маань хэдийнэ эхэлсэн, Улаанбаатар хотоос зүүн тийш байрлах Цонжин болдог хүрч, Чингис хааны хөшөөт цогцолбортой танилцсан.  Монголчуудыг Чингис хаан гэх тэр дайчин хүнээр нь илүүтэй бид мэддэг. Мөн монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцах нь үнэхээр сонирхолтой байна.

-Монголын хөдөө, нүүдэлчин амьдралтай танилцах уу?

-Хугацаа бага байгаа учраас амжихгүй нь. Гэсэн ч бидэнд Улаанбаатар хотын  хүмүүс сонирхолтой байна.

-Монголын юу нь илүү таалагдсан бэ?

-Хамгийн их таалагдсан зүйл хоол, үнэхээр гоё амттай. Мөн хүмүүс нь маш тусархуу юм.

-Автобусны үйлчилгээ хэр байна?

-Маш сайн байна. Автобус их тохилог тухтай байгаа нь их таалагдлаа.

Хотын аяллын маршрутыг сонирхуулбал, Сүхбаатарын талбай-Үлэг гүрвэлийн музей-Гандантэгчилэн хийд-Говь кашмерын нэрийн дэлгүүр-Зайсан толгой-Богд хааны ордон музей-Чойжин ламын музей гэсэн чиглэлээр жуулчдад үйлчилдэг байна.

Хот орчмын аяллын маршрут нь Сүхбаатарын талбай-Улаанбаатар үсгэн хөшөө-Богд хааны ордон музей-Зайсан толгой-Цонжин болдог-Чойжин ламын музей гэсэн дурсгалт газруудаар тус бүр аялуулдаг ажээ.

Хэдийгээр жуулчид цөөн ч Нийслэлийн аялал жуулчлалын газар нь аяллын компаниудтай харилцаа холбоотой ажиллаж, мөн гадаадад энэхүү үйлчилгээгээ цахимаар дамжуулан сурталчилж чадвал хамгийн бага зардлаар Улаанбаатар хоттой танилцах боломжийг жуулчдад олгох болж байгаа юм.

Мөн дотоодын жуулчдаа татахын тулд сургууль, байгууллагуудтай хамтран ажиллахаас эхлээд хийх ажил их байна.