Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой боллоо

2013-03-22 00:00:00
Улаанбаатар хотын хэмжээнд Монголын Мянганы сорилтын сангаас / ММСС/ “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” -ыг  өнгөрсөн оны 10-р сараас эхлэн  хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор  нийт 46,600 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судлагааг хийн, иргэдийн газрын эрхийг баталгаажуулах шаардлагатай байгаа юм. Энэ ажлыг ММСС-ийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн сонгогдсон хэсгүүдэд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Монголын Мянганы сорилтын санг төлөөлж Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар нар үзэглэсэн юм.
Ингэснээр тус ажлыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн болон дээрх гурван дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжлэг үзүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай нягт хамтран ажиллан газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэхээр болж байна.Төслийн хүрээнд тус ажлыг гэрээлэгч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд хээрийн судалгааны ажлын үеэр сонгогдсон хэсгүүдийн айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллахын зэрэгцээ тус ажлыг үнэ төлбөргүй явуулж байгаа нь иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн Нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь ММСС-ийн хүрээнд бүрдүүлэн ирсэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломж нээгдэж байна. Нөгөөтэйгүүр нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд Улаанбаатар хотынхоо иргэдийг өмчтэй болгох цаашлаад  10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үйлст нэгэн зорилгын дор нэгдэж байгаа хэрэг боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүний ажил болгож Нийслэлийн болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албадаас санаачлан “Иргэдэд газар өмчлүүлэх ажил”-ыг эрчимжүүлэх нэг сарын аяныг энэ сарын 25-ны өдрөөс эхлүүлэх юм.
“Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” нь дээрх гурван дүүрэгт жишиг байдлаар хэрэгжсэнээр гэр хорооллын газар дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд томоохон угтвар ажил болох төдийгүй иргэдийн санаатай болон санамсаргүйгээс үүдэлтэй газрын зөрчил маргааныг арилгах, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн санг үнэн бодит мэдээллээр хангах, газар өмчлөл бүртгэлийн ажлыг нэгдсэн байдлаар бусад дүүрэг хороодод хэрэгжүүлэх шилдэг арга зүйг НЗДТГазарт хүлээлгэн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.