“Автомашингүй өдөр”-ийг угтаж, зорчих хөдөлгөөний 7 хоног зарлаж байна

2013-03-22 00:00:00
2013 оны 3-р сарын 31-ний өдөр  уламжлалт  “Автомашингүй өдөр”-ийг  дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Энэ удаад “Автомашингүй өдөр”-ийг угтаж “3орчих хөдөлгөөний 7 хоног” өдөрлөгийг “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар 2013-оны 3-р сарын 24-өөс 29-ны өдөр хүртэл явуулахаар болсноороо онцлог юм. Энэ нь тухайн  өдрийг илүү өргөн хүрээнд хамруулж, хотын зорчих хөдөлгөөний талаарх иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хандлагад илүүтэй анхаарал хандуулж байгаа явдал юм гэж зохион байгуулагчид үзэж байна. “Автомашингүй өдөр” ба түүнийг угтсан 7 хоногийг  ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, ЗЦГ, МОХ, МЗХ, Дугуйчдын холбоо, “Монгол даатгал” компани, “Скайтел” үүрэн телефоны компани, НЗДТГ болон  харъяа агентлаг,газар, дүүргүүд  хамтран зохион байгуулж байгаа юм. Тус өдрийн хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр доорхи хүснэгтүүдээс харна уу.

“Автомашингүй өдөр”, түүнийг угтсан  7 хоногийн хөтөлбөр.
3-р сарын 24-ний
Ням гарагт
Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр
·         “10,000 алхам” мини аялал, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах
ММСС, ЭМТ, НЭМГ, ЗХУТ, НТГ, ЗЦГ, УБ хотын номын сан, УБ музей, Монголын хүүхдийн ордон, Дугуйчдын холбоо
3-р сарын 25-ны
Даваа гарагт
Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр
·         Дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалах
·         “Зам тээврийн ослыг бууруулахад залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг
·         Зам тээврийн ослын үр нөлөөний талаар телевизийн 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн, цацах
3-р сарын 26-ны
Мягмар гарагт
Гарцаар гарах өдөр
·         Гарцаар гарах иргэдэд сайн дурынхан туслах, гарцаар гарахыг уриалах
3-р сарын 27 –ны
Лхагва гарагт
Унадаг дугуйн өдөр
·         Дугуйн дэлгүүр, клубүүд өөрсдийгөө сурталчлах өдөр
·         “Монгол Даатгал” компаниас тодорхой газарт замын тэмдэглэгээг тодруулах
·         Хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн талаар мэдээлэл цацах
3-р сарын 28-ны
Пүрэв гарагт
Зам тээврийн мэдээлэл сургалтын өдөр
·         “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ухуулга нөлөөллийн уулзалт
3-р сарын 29-ний
Баасан гарагт
Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр
·         Нийтийн тээврийн үйлчилгээний талаар сурталчлах
·         Нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
3-р сарын 31-ний
Ням гарагт
Автомашингүй өдөр буюу Машинаас татгалзах өдөр
·         Баруун 4 замаас Зүүн 4 замын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлах
·         Иргэдэд эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт
·         Сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан
·         Оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, оюутнуудын жагсаал
·         Задгай кафен үйлчилгээ
·         Сүхбаатарын талбай дээр 12.00-14.00  хооронд өдөрлөг(урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах, олон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан, ухаалаг зорчилт байгууллага шалгаруулах г.м)
Мөн дүүрэг тус бүр өөрийн заасан талбайд үйл ажиллагаа явуулна.
Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1-р байрны уулзвар хүртэл
Сүхбаатар дүүрэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1-р байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл
Баянзүрх дүүрэг: Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл
Сонгинохайрхан дүүрэг: Номин их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Боловсролын их сургуулийн уулзвараас Номин их дэлгүүр хүртэл
Баянгол дүүрэг: Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Номин их дэлгүүр хүртэл
Хан-Уул дүүрэг: Драмын театрын урд талд байрлаж, Сөүлийн гудамжинд
 
 Хавсралт статистик тоон мэдээлэл
Явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын Замын аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-ны үр дүнгээс
 
Мянганы Сорилын Сан- Эрүүл Мэндийн Хөтөлбөр
Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Монгол Улс, 2012
  
НЭГДСЭН ДҮГНЭЛТ
§  Судалгаанд оролцогчдын сэтгэлийг зовоож буй асуудлуудын талаарх сонгосон асуудлуудаас явган зорчигч, жолооч нарын сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа асуудалд агаарын бохирдол (78.0, 84.0 хувь), дараа нь замын түгжрэл, (59.0, 72.0 хувь), ядуурал (58.0, 62.0 хувь) тус тус орж байна.
§  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь Улаанбаатар хотын иргэдийн хамгийн их сэтгэлийг нь зовоосон асуудал болсон байна.
§  Замын чанар, байгууламж, гэрэлтүүлэг болон замын хөдөлгөөнд оролцогчдын соёл маш хангалтгүй байна.
§  Явган зорчигчдын ихэнх нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам хөндлөн гарч болно гэсэн буруу хандлагатай байсан бол жолооч нарын дунд согтуугаар жолоо барихгүй байх, суудлын даруулга хэрэглэх, замын гэрэл дохиог мөрдөх болон хурд хэтрүүлэхгүй байх хандлага их байна.
§  Жолооч, явган зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтын талаарх мэдлэг хангалтгүй (явган зорчигчдын 66 хувь, жолооч нарын 47 хувь) байна. Үүний үндсэн шалтгаан нь жолооны курсүүдийн сургалтын чанар хангалтгүй байгаа явдал гэж үзэх үндэслэлтэй байна.
§  “Замын хөдөлгөөнд оролцох” нь явган зорчигч, жолооч нарын аль алинд нь айдас түгшүүр, бухимдал үүсгэх нэг шалтгаан болсон байна. (жолооч хоорондын хүчирхийлэл 70 хувь байгаа ба явган зорчигчийн 20 хувь нь зам гарахдаа гүйж байна).
§  Судалгаанд оролцогсдын зам, тээврийн хөдөлгөөнд оролцдог байдал /дадал/-ын хувьд судалгаагаар явган зорчигчдын 88 хувь нь урьд өдөр нь ямар нэг тээврийн хэрэгслээр зорчсон байгаа ба хамгийн их хэрэглэдэг тээврийн хэрэгсэл нь автобус, мөн таксийг нилээд өргөн хэрэглэж байна.
§  Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь явган зорчигч, жолооч нарын аль алины нь хэвшил, байнгын үйлдэл болсон байна. Үүнд хүний ухамсар мэдлэг зэрэг субьектив хүчин зүйлээс гадна замын чанар, ачаалал, нөхцөл муу байгаа обьектив хүчин зүйлсийн нөлөөлөл их байна.
§  Зам тээврийн осол (жолооч нарын 43 хувь, сүүлийн 3 сарын хугацаанд 24 хувь нь осолд орж байсан), зам тээврийн осол, гэмтэл (явган зорчигчдын 20,5 хувь зам тээврийн осолд орж ямар нэг байдлаар гэмтэж байсан) их байна.
§  Замын аюулгүй байдлын зөрчлийг жолооч (өдөр бүр 9 хувь нь), явган зорчигчид (46 хувь) адил их гаргаж байна. Тухайлбал, улаан гэрлээр явах, зөвшөөрөгдөөгүй газраар зам гарах, жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа утсаар ярих, суудлын даруулга хэрэглэхгүй байх, согтуугаар жолоо барих (жолооч нарын 1/3) зөрчил их байна.
§  Жолооч нар 12, 1, 2 сарууд, долоо хоногийн Ням, Бямба гараг, ажлын өдрүүдээс Мягмар, Даваа гарагт машин барихгүй өнждөг хувь өндөр байгаа нь энэ хугацаанд хөдөлгөөн бага байх магадлалтайг харуулж байна.
§  Замын хөдөлгөөний дүрмийг микроавтобус, автобус, таксины жолооч нар илүүтэй зөрчиж, замын хөдөлгөөний аюултай байдлыг бүрдүүлж байна.
§  Замын хөдөлгөөнд оролцогсод цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах хандлагатай байна (90 хувь).
§  Замын ачаалал байршил болон өдрийн цагуудаар ялгаатай байна. Ачаалал үдээс хойш нэмэгдэх хандлагатай.
 
Замын цагдаагийн газрын статистик мэдээнээс
Манай улсын хувьд зам тээврийн осол, гэмтлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. 2011 оны Эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад гэмтэл хордлого, гадны шалтгаант нас баралтын 17.6 хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй байжээ. Улсын хэмжээнд жилд дунджаар нийт 7,600 гаруй осол гэмтэл гарснаас 10 осол бүрийн 1 нь согтуу жолоочийн буруугаас, 100 осол бүрийн 7 нь хурд хэтрүүлснээс үүсчээ[1]. 2005-2011 онд нийт хүүхэд өртсөн зам тээврийн осол 5,101 бүртгэгдэж, 5,289 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүний улмаас 266 хүүхэд амь насаа алдаж 5,023 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авчээ. Нийт  хүүхэд өртсөн зам тээврийн ослын 87.9 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна1.2012 оны байдлаар нийт 1863 хүүхэд гэмтсэнээс 113 буюу 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 70 буюу 38.3 хувь нь орон нутгийн замд гэмтсэн бол нийт 43 хүүхэд ам насаа алдсан байна. 2013 оны эхний 2 сарын байдлыг авч үзвэл зам тээврийн осолд нийт 49 хүүхэд өртөж 1 хүүхэд нас барсан бөгөөд гэмтсэн хүүхдийн насны байдлыг авч үзвэл 0-7 настай 25 хүүхэд, 8-14 настай 20 хүүхэд, 15-18 насны 4 хүүхэд байна.[2]

Нийслэлийн осол гэмтлийн өвчлөл, нас баралт
НЭМГ-ын 2011 оны судалгаанаас


Он Нийт осол гэмтлийн өвчлөл Зам тээврийн шалтгаант осол гэмтэл Нийт нас баралт Зам тээврийн шалтгаант нас баралт
2007 62725 9885 7019 256
2008 69738 10173 6351 208
2009 69444 9909 6426 184
2010 78602 11157 6683 174
2011 81913 12181 7871 215