“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ 2018” галт бамбар Улаанбаатар хотноо аялж байна

2018-06-06 10:30:29

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.

Монгол улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.

Дээрх хугацаанд Энхийн гүйлт нь Монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд оролцож, хөрш зэргэлдээх хоёр орны жирийн ард түмэнтэй мөр зэрэгцэн галт бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

2018 онд Энхийн гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непал улсын Покара хотоос 2-р сард эхэлж, ОХУ-ын Томск хотноо 7-р сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км замыг туулна.

Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 05 дугаар сарын 31-нд хүлээн авснаар эхэлнэ. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор 06 дугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.

Улаанбаатар хотын хэмжээнд Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 05-нд Багануур дүүрэг хүлээн авснаар эхэлж, улмаар Налайх болон Баянзүрх дүүргүүдэд буухиалан 06 сарын 08-нд Хан-Уул дүүрэг нь Төв аймагт шилжүүлснээр өндөрлөнө гэж нийслэлийн Биеийн тамир, спорт хорооноос мэдээллээ.

Галт бамбарыг Улаанбаатар хотод аялуулах маршрут

- 1-р цэг Баянзүрхийн товчоо   - Баянзүрх дүүрэг хүлээн авна             - VI/06-ны 15:00; 

- 2-р цэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Ёслолын арга хэмжээ            - VI/06-ны 16:00,

                                                            - Гараа                                    - VI/08-ны 08:30;

- 3-р цэг Бөхийн өргөө               - Сүхбаатар дүүрэг хүлээн авна         - VI/08-ны 09:00;

- 4-р цэг УИД-ийн өмнөх талбай - Чингэлтэй дүүрэг хүлээн авна          - VI/08-ны 09:30;

- 5-р цэг Төмөр замын СО-ны талбай - Баянгол дүүрэг хүлээн авна      - VI/08-ны 09:40;

- 6-р цэг Сапоро                           - Хан-Уул дүүрэг хүлээн авна          - VI/08-ны 10:00;

- 7-р цэг Таваншар            - Сонгинохайрхан дүүрэг хүлээн авна         - VI/08-ны 10:15;

- 8-р цэг 22-н Товчоо                   - Сонгинохайрхан дүүрэг үднэ         - VI/08-ны 10:45.