Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр              дугаар А/271                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. “Морин-Эрдэнэ” ХХК-д Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байрны урд талд үйлчилгээний зориулалтаар 360 м2 газрыг нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн, “Морин-Эрдэнэ” ХХК нь газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой газар дээрээ барилга, байгууламж  бариагүй байх тул  нийслэлийн  Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаар захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр захирамжийн Морин-Эрдэнэ ХХК-д  холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
                             
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ