Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                           дугаар А/262                                            Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Иргэн А.Даваадоржид Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны хотхоны хоёр байрны дунд амины орон сууцны зориулалтаар 600 м2 газрыг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчин нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн  Засаг даргын  2009 оны 07 дугаар сарын 15–ны өдрийн 367 дугаар захирамжийн А.Даваадоржид, уг хууль зөрчиж олгосон газрын зориулалтыг өөрчилж  иргэн Х.Батбаатарт газрын эрхийг шилжүүлсэн нийслэлийн  Засаг даргын  2011 оны 09 дүгээр сарын 19–ний өдрийн 678 дугаар захирамжийн Х.Батбаатарт  холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
2. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
           
 
 
           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
           БӨГӨӨД УЛААНБААТАР
           ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ