Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх урилга

2018-05-11 15:23:24

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/298 дугаар захирамжийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны улмаас тус дүүргийн иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох, тав тухтай амьдрах үндсэн эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэдийн дунд “Зөвлөлдөх санал асуулга”-ыг зохион байгуулах ба тус санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн удирдан зохион байгуулахаар хуульчилсны дагуу тус бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, хамтран ажиллах урилгыг хүргүүлж байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулах ба эдгээр шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.

Жич: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүйг анхаарна уу.

Хүсэлтийг 2018 оны тавдугаар сарын 17-ыг хүртэл хүлээн авах бөгөөд өргөдөл гаргаж өөрийн биеэр авчрах юм. Холбоотой мэдээллийг нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Мэргэжилтэн Ж.Батзолбоотой \Утас:11-318003, 99198140\ холбогдож авна уу гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.