"ЖИШИГ ГУДАМЖ" дагуу байрлах бааруудыг цөөлье

2018-05-08 11:40:11

Баянзүрх дүүргийн I, III, IV, VII хороо, Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 950 метр гудамжийг 'Жишиг гудамж' болгон тохижуулсан. Тухайн хэсгийн газар чөлөөлөлтийн ажил өнгөрсөн сард эхэлсэн ч ТҮЦ эрхлэгчид үүнийг эсэргүүцэж, албаныхны газар чөлөөлөх шаардлагыг биелүүлэхгүй байсаар амратын өдрүүдэд эцэслэгджээ. Ингэснээр “Жишиг гудамж” ажил хэвийн үргэлжилж эхэлсэн байна. Уг гудамжид явган хүний зам, 153 шилмүүст мод, гэрлэн чимэглэл, троссон хашлага, ургамлын хашлага хийж, туслах замыг бүрэн шинэчилж 150 автомашины зогсоол бий болгосон юм. Нийслэлийн зүгээс 'Жишиг гудамж' байгуулахад шаардагдах бүх зүйлийг хийсэн гэнэ.

Одоо харин жинхэнэ “Жишиг гудамж” байгуулах ажил үлджээ. Учир нь, тухайн орчинд байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн өнгө үзэмж, үйлчилгээг сайжруулснаар жинхэнэ “Жишиг гудамж” болдог юм байна.

Биднийг “Жишиг гудамж” байгуулж байгаа хэсэгт очих үед тэр хэсгээр унадаг дугуйтай хүүхэд, гараасаа хөтлөлцсөн хос, ямар нэгэн зүйлд яарсан мэт түргэн алхах хэн нэгэн урдуур хойгуур сүлжилдэж байв. Туслах зам байсан хэсгийг бүрэн шинэчилжээ. Тас хар асфльтан зам дээр цагаан зураас татсан нь тодоос тод зурайж байлаа. Асфальтан зам дээгүүр алхахад бүрэн хатаагүй бололтой гутлын ултай бага зэрэг наалдаж, зууралдаж байлаа. “Жишиг гудамж”-ийн талаар оршин суугчдын сэтгэгдлийг сонслоо.

ТҮЦ-ийг нүүлгэснээр энэ хэсэг цэвэрхэн болсон

“Өмнө нь энд олон ТҮЦ байсан. Тэднийг нүүлгэн шилжүүлээд энэ хэсгийн туслах замыг шинэчилснээр их цэвэрхэн, сайхан болж байна. Одоо илүү гоё болгох байх. ТҮЦ ажиллуулж байсан хүмүүст хэцүү л байгаа байх дээ. Гэхдээ одоо яахав дээ. Нийтийн эрх ашиг цөөн хүнийхээр хязаарлагдаж болохгүй шүү дээ”

Хөгжим тачигнадаг болохоор цонхоо нээж унтаж болдоггүй

“Энд би насаараа амьдарч байна. Цоо шинэ байранд 50 гаруй жилийн өмнө орж байсан юм. Шинээр зам тавьсан байна. Энэ хэсэгт шороо бужигнадаг байсан юм. Одоо бол шороо бужигнахгүй сайхан болсон байна. ТҮЦ эрхлэгчид нь эсэргүүцэж байгаад саяхан газраа чөлөөлсөн. Гүйцэтгэгч компани ажлаа тун хурдан хийлээ. Энэ хавьд олон баар бий. Зун цонхоо нээхээр хөгжим нь тачигнана, өглөөгүүр согтуу хүмүүсийн орилолдох, хоорондоо муудаж байгаа нь сонсогддог юм. Одоо энэ асуудлыг шийдээд өгвөл их сайхан байна”

Амгалан тайван амьдрах нөхцөлгүй

“Олон ТҮЦ байхад хүмүүс араар нь шээдэг, энэ хэсэг тун бохир байсан. Тэднийг нүүлгэж, машин зогсоолтой болголоо. Их цэгцтэй харагдаж байна. Энэ хэсэгт жолоочид машинаа журмын дагуу байрлуулах хэрэгтэй. Нэг гэм нь энд олон баар байдаг. Орой үдэш энд дуу чимээ ихтэй, амгалан тайван амьдрах нөхцөлгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна”

машин, хүн нь шүргэлцээд л явдаг байсан

IV хороонд оршин суугч Д.Баярмаа

“Би энэ хавьд ажилладаг юм. Өмнө нь энэ хэсэг ТҮЦ-ээр дүүрсэн, зогсоол байдаггүйгээс машин, хүн нь шүргэлцээд л явдаг байсан. Одоо энэ хавийг бүр гоё, хотын төвд очсон мэт болгоно байх”

Байгууллага үзэмжээ сайжруулснаар иж бүрэн “Жишиг гудамж” бий болно


Нийслэлд хэчнээн жишиг гудамж байгуулж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилтын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэмээс тодрууллаа.

-“Жишиг гудамж” байгуулах ажил ТҮЦ эрхлэгчдээс болж бага зэрэг саатах шиг боллоо. Энэ ажил хэзээ эхэлсэн бэ?

-Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 950 метр гудамжийг 'Жишиг гудамж' болгон тохижуулах ажил 2017 оны намар эхэлсэн. Ажлын хүрээнд уг хэсгийн баруун талд өнгөрсөн намар шилмүүст мод тарьж, гэрэлтүүлэг байрлуулж, троссон хашлага, ургамлан хашлага хийсэн. 2018 оны тохижилтын ажлын хүрээнд тус хэсгийн зүүн талын хэсгийг тохижуулах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Ажлыг эхлэхээс өмнө энэ хэсэгт байрлаж байгаа ТҮЦ, болон тохижилтын ажлын траст орсон объектод газар чөлөөлөх мэдэгдлийг нийслэл, дүүргийн Газрын албанаас удаа дараа хүргүүлсэн байдаг. Энэ хэсэгт 24 ТҮЦ байснаас мэдэгдлийн дагуу 17 ТҮЦ-ийг нүүлгэсэн байдаг. Үлдсэн долоо нь эсэргүүцээд нүүлгээгүйгээс тохижилтын ажил 14 хоног гацсан. Нийслэлийн Газрын алба болон, Захирагчийн ажлын албанаас ТҮЦ эзэмшигч тус долоон иргэнд тавдугаар сарын 3-нд дахин мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд тавдугаар сарын 4-нд очиход нүүгээгүй байсан. Тиймээс тэр орой нь албадан буулгах ажлыг эхэлсэн. Тэр шөнө нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. ТҮЦ эрхлэгчид зориудаар бидний ажлыг 14 хоног саатуулсан. Учир нь 2017 онд ямар ажил хийх гэж байгаагаа танилцуулж, мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн 2018 он гарахад байнга мэдэгдэл хүргэж байсан. Гэвч тавдугаар сарын 4-нд ТҮЦ-ийг албадан буулгах үед эрхлэгчид нь эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнээс болоод 03.00 цаг хүртэл ажиллахдаа ТҮЦ-үүдийг нүүлгэж чадаагүй. Маргааш нь буюу бямба гаригт нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер өөрийн биеэр очиж долоон ТҮЦ-ийг нүүлгэсэн. Энэ үед мөн эсэргүүцэлтэй тулгарсан.

-“Жишиг гудамж” байгуулахад саад учруулсан дээрх иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Тэр хавьд оршин суугчид “Жишиг гудамж” байгуулахыг дэмжиж байгаа. Ажилд саад учруулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Мөн 14 хоног ажлыг зогсоосноор ажил гүйцэтгэгч байгууллагад учирсан төлбөрийг төлүүлнэ. “Жишиг гудамж” байгуулах ажил ингээд дуусахгүй. Ногоон байгууламж, туслах замыг их бүрэн хийж, авто зогсоол, явган зам хийснийг иж бүрэн “Жишиг гудамж” гэж хэлэхгүй.

-Тэр хавьд олон баар байдаг тул оршин суугчдын амгалан тайван байдал алдагдаж байна гэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Тэр хувьд нэг дор цугласан олон байгууллага бий. Байгууллага өөрсдийн өнгө үзэмжийг сайжруулах ёстой. Ингэснээр иж бүрэн “Жишиг гудамж” бий болно. Тиймээс байгууллагуудаас гэрэлтүүлэг, пасадаа сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. “Hotel” нэртэй дэм буудлууд байна. Эдгээрийг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран шаардлагад нийцүүлэх арга хэмжээг авна. Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа баар, хүнсний дэлгүүрүүдийг дүүрэг, нийслэл, Улаанбаатар хотын Хүнсний худалдаа үйлчилгээний газартай хамтран шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг авна. Эдгээр ажлыг зохих төвшинд хийснээр гудамж жинхэнэ утгаараа жишиг болох юм. Нийслэлийн зүгээс хийх ажлаа хийгээд байна. Харин одоо иргэд болон аж ахуйн нэгж өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлээ хийхийг хүсч байна.

-Үүнд нийслэлээс хэдэн төгрөг зарцуулсан вэ?

-“Жишиг гудамж” байгуулахад тухайн орчинд байгаа байгууллага өнгө үзэмжээ сайжруулах ёстой. Тэд өнгө үзэмжээ хэдээр сайжруулж байгааг нь тодорхой бус. Тиймээс “Жишиг гудамж”-ийг хэдэн төгрөгөөр байгуулдаг нь харьцангуй ажил. Ажлыг төр, хувийн хэвшил хамтран ажилласан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг. Нийслэл хийх ажлаа хийсэн. Одоо аж ахуйн нэгжүүдийн хийх ажил үлдсэн.

-Тэгвэл нийслэлээс “Жишиг гудамж”-ны зогсоол, явган хүний зам зэрэгт хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Нийслэлээс “Жишиг гудамж”-ийн тохижилтын ажилд 400-аад сая төгрөг зарцуулсан.

-Өөр хаана жишиг гудамж байгуулах вэ?

бүр жишиг гудамж байгуулж байгаа. Өнгөрсөн жил зөвхөн X хороолол биш Энхтайваны өргөн чөлөөнөөний хэсгийн ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь хийсэн. Мөн таны хэлсэн X хороололд жишиг гудамж байгуулсан. Сөүлийн гудамж, Соёлын төв өргөөний арын гудамжийг тохижуулсан. Энэ жил Бага тойруу, Амарсайханы гудамж зэргийг “Жишиг гудамж” болгоно.

-Өнгөрсөн жил X хороололд 812 метр гудамжинд 198 автозогсоолтой гудамжийг 970 сая төгрөгөөр байгуулсан байсан. Хийж байгаа ажилдаа хэр уялдсан өртөг вэ. Үнийг хэрхэн тогтоодог вэ. Жишиг гудамж байгуулахын давуу тал нь юу байна вэ?

-Жишиг гудамжийн ажлыг шүүмжилж байгаа хүн нь траст орсон газрыг чөлөөлөхгүй байгаа иргэд байх. Энэ ажлыг иргэд маш сайн дэмждэг. “Жишиг гудамж” байгуулах ажил хийж байгаа ажилчдад оршин суугчид нь халуун савтай цай, хайрсан боорцог авчирч өгч байгаа тохиолдол бий. X хорооллын “Жишиг гудамж” дээр ийм зүйл ярьдаг. Тэр хэсэг шороогоор эргэлдсэн талбай байсан. Машинтай хүмүүс эгнэн зогсоод худалдаа хийдэг, зах шиг болсон байсан. ТҮЦ-ээр дүүрсэн байсан. Тэднийг байхгүй болгосон. Их олон ажил хийсэн.