Баярлалаа, хотын дарга аа

2013-03-20 00:00:00
Тэнд ч юм болохгүй байна, энд ч зам эвдэрлээ, хогоо ачаач Хотын дарга аа гэж нийслэлийн Захирагчийн чихэнд хонх уях нь элбэг. Засаг дарга нийслэлийн асуудлыг зангидаж, шийдвэрлэх, холбогдох хүмүүст үүрэг өгөх ёстой. Гэхдээ магтахаасаа “Хотын дарга аа болохгүй байна” гэж тодотгох нь элбэг. Тэгвэл энэ удаад “Хотын дарга аа, баярлалаа” гэсэн тодотгол хиймээр байна. Өнгөрсөн долоо хоногт  Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Н.Нацагдорж нийслэлд барихаар төлөвлөж байгаа 80 бага сургуулийн байршлыг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан.

Сургууль барих газрыг шийдэхийн тулд хашаа хороо чөлөөлөхөөс авахуулаад боломжтой бүхий л ажлыг хийх аж. Төлөвсөн ёсоор бол Улаанбаатар хотын хэмжээнд 80 бага сургууль барьснаар шинэ суурьшлын төвөөс 500 метрийн радиус дотор 24 000 хүүхэд суралцах нөхцөл бүрдэх юм байна. Хэдийгээр бүрэн гүйцэт шийдвэр гаргаагүй ч энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцаж байгаа гэсэн тоо баримт бий.  Мөн жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон хэмжээнээс хэтэрчихээд байгаа. Тэр дундаа ирэх намар “алтан гахай” жилд төрсөн хүүхдүүд сургуульд орох бэлтгэлээ хангаад байж байна. Өнөө жил дунджаар 20 мянган хүүхэд шинээр сургуульд орж байгаа гэсэн тоо чинь хэд болохыг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан илүү гарах нь мэдээж. Тиймээс нийслэлд сургууль барих асуудал хурцаар тавигдаж байсан.

Энэ асуудлыг шийдэх гарц хайж, 80 бага сургууль барихаар болсонд л хотын даргад баярлаад байна. Хэрвээ 80 бага сургууль барьчихвал хүүхдүүд чихэлдэх нь багасч, сургалтын чанарт ч сайнаар нөлөөлнө. Тэр дундаа бага ангийн хүүхдүүд нэг ангид цөөнөөрөө сууж байж А, Б, 10, 20-ын тоогоо сайн сурна шүү дээ. Манай улс дэлхийн жишигт хүрэхийн тулд хүүхдийг зургаан настайгаас нь нэгдүгээр ангид оруулж байгаа. Тиймдээ ч зургаан настнуудыг чихэлдүүлэлгүй, анги дүүргэлт стандарт хэмжээнд байвал бяцхан үрс маань үсгээ сурах нь хурдан байх нь дамжиггүй. Цаашлаад 80 бага сургууль баригдчихвал дунд, ахлах ангийн хүүхдүүд ч суралцах анги танхим нь чөлөөлөгдөж, нэг ширээнд гурваараа суух байдал алга болох сайн талтай.  Өмнөх жилүүдэд төр засгийн удирдлага, наашлаад нийслэлийн удирдлагууд сургууль барих ажилд огт анхаарал хандуулаагүй гэхэд болно. Энд тэнд гадаадын хөрөнгө оруулалтаар цөөн хэдэн сургуулийн барилга барьж байлаа шүү дээ. Тийм унтаа байдлыг халж, “алтан гахай”-нуудад анхаарал хандуулж, 80 бага сургууль барих гэж байна гэдэг сүүлийн 20 жилд гараагүй зөв шийдвэр. Хэрвээ барилгын ажил нь эхлээд, ирэх есдүгээр сарын 1-нд 80 сургууль үүдээ нээвэл хамгийн том бүтээн байгуулалт болох учиртай. Тэгэхийн тулд хичээгээрэй, бас баярлалаа, хотын
дарга аа.                        
                                                                                                                                                              Н.Пунцагболд