“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэгтгэн, цогц зураглал гаргах” хэлэлцүүлэг эхэллээ

2018-04-13 10:50:33

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд нэн тулгамдсан асуудал болж байна. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон НЗДТГ нь 73 арга хэмжээ, хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээг НЗДТГ, Дэлхийн банкны “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Удирдах нэгжтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар салбарын яамд, нийслэлийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд болон олон улсын донор байгууллагуудын хамтын ажиллагаагаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн нэгдмэл зураглал гаргах зорилготой юм.

Нэгдмэл зураглал гаргаснаар энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломж бүрдэж буйн зэрэгцээгээр давхардал болон орхигдож буй орон зайг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтыг зохистой хуваарилах боломж бүрдэх юм. Энэхүү арга хэмжээнд ЭХЯ, БХБЯ, НЗДТГ, ЭМЯ, БОАЖЯ, Америкийн элчин сайдын яам, НҮБ гэх мэт төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.