Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

2018-04-11 11:54:02

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, U money карт цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг хянах, иргэдийн U money картыг газар дээр нь цэнэглэх, зорчигчдын карт ашиглалт, иргэдэд мэдээлэл, санамж, зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар смарт карт ХХК-ийн мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн ажилтан, шалгагч нар хамтарсан удирдамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос эхлэн зохион байгуулж байна.       

Одоогийн байдлаар 635 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас зорчигч бэлэн мөнгөөр зорчсон-96, зорчих хөлс төлөөгүй-4, зорчигчийн U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-2, тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээ муу-231 зөрчил, U money карт борлуулах-33 цэгээс U money картын нөөцгүй-2, төхөөрөмж мөнгөгүй-1, хаяггүй-1 зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулсан байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу иргэнийг 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавихгүй бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.