“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

2018-04-06 17:02:51

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо. Тэрбээр нээлтэд хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэдэг нь иргэдийн амьжиргааг дэмжиж байна гэсэн үг. Нийслэлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих сан юм. Мөн дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Бизнес эрхэлж байгаа иргэдэд шинээр ажлын байр бий болоход туслах уг төвүүдээр олон иргэд дамжиж үйлдвэрлэл эрхэлж байна. Нийслэлд инновацийн төвийг бий болгохоор ажиллаж байна. Энэ нь залуучуудад ажлын байр бий болгох, мэдээллийн технологи өндөр технологийн чиглэлээр ажлын байр бий болгох зорилготой юм. Залуучууд тухайн төвд очиж түрээс төлөхгүй ажлын байраа бий болгох боломжтой юм” гэж ярилаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа жил бүр уламжлал болгох зохион байгуулагддаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан “Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа энэ жил онцлогтой болж байна. Иргэдийн ая тухтай үзэсгэлэнд оролцох боломжийг бий болгож үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид, бараа бүтээгдэхүүнээ борлуулагчид талбайн түрээсгүй үзэсгэлэнд оролцож байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж иргэд ирж худалдан авалт хийж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэнээр үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргаа дээшилнэ” гэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний гээд дотоодын үйлдвэрлэл эрхлэгч 165 аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.