Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

2018-03-26 10:14:33

Энэ пүрэв гараг буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулна.

НЭГ дэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм.

Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраагаарай.

ХОЁР дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

ГУРАВ дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.