Д.Баттулга: Одоо газрын эзэн төсөл хэрэгжүүлэх компанитайгаа тохиролцох л үлдсэн

2013-03-07 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдах  “Төслийн удирдах хороо”-г байгуулсан. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  Үндэсний шуудан сонины 03 сарын 07-ны дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

-НИТХ-ын шийдвэрээр гэр хорооллыг барилгажуулах “Төслийн удирдах хороо” байгуулсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-НИТХ энэ сарын 1-ний өдөр хуралдаж, өнгөрсөн оны  12-р сарын 31-нд “Дахин төлөвлөлт” хийхээр батлагдсан 12 байршилд хэрэгжүүлэх төслийг удирдан зохион байгуулах “Төслийн удирдах хороо”-г байгуулсан. Энэ хороог миний биеийг ахалж байгаа. “Дахин төлөвлөлт” гэдэг нь иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, барилгажуулах ажил шүү дээ. Тэгэхээр иргэдийн оролцоог НИТХ хангадаг учраас  намайг сонгосон хэрэг. Удирдах хорооны бүрэлдэхүүнд орлогч дарга, ерөнхий мэргэжилтнүүд, мөн НИТХ-ын холбогдох хороодын дарга нар орсон.

-Энэ ажлыг хийж, гүйцэтгэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал чухал. Тэгэхээр энэ ажил замын дунд очоод мөнгөөр суухгүй байх боломжийг хэр бүрдүүлсэн бэ?

-12 байршилаас тав нь төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усанд холбогдоно. Үлдэж байгаа долоон байршил буюу радио, телевизийн орчим, Дэнжийн мянга, Гандан, VII хороолол, XIV хороолол бие даасан дэд бүтэц, эх үүсвэрээр хангагдсан. Цахилгааны асуудал бол төвлөрсөн шугамаараа шийдэгдэнэ. Энд цэцэрлэг, сургуулийн асуудал ч гэсэн багтаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Энэ бүгдийг улсын төсвөөр хийе. Харин барилгажуулах ажлыг “Төслийг хэрэгжүүлэгч” компани хийнэ. Энэ бол бизнесийн байгууллага, иргэдийн хоорондох үйл ажиллагаа. Тиймээс улсын болоод нийслэлийн хөрөнгөөр хийх ажлын хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр босгох боломжтой. Жишээ нь, энэ онд нийслэлээс 40 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.
-Энэ мөнгөөр ямар ямар ажилд хөрөнгө оруулах задаргааг нь хэлж болох уу?

-40 тэрбум төгрөгийн задаргааг дахин төлөвлөлтийн явцад хийх учиртай юм.

-Гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэнээс гадна аж ахуйн нэгжийн  газрын асуудал давхар хөндөгдөж байгаа. Тэгэхээр газрын энэ харилцааг хэрхэн зохицуулах юм бэ?

-Энэ чухал асуудал л даа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд НИТХ хуралдсан. Энэ үеэр түрүүний миний хэлдэг 12 газар дахин төлөвлөлт хийх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь баталсан. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургууль хаана барих юм, орон сууц нь хаана байх юм, тэр дотроо 12 давхар нь хэд, хаус нь хэд байх юм гэдгийг энэ төлөвлөгөөгөөрөө баталсан. Одоо төсөл хэрэгжүүлэгч компани газрын эзэн, өмчлөгчтэй тохиролцох асуудал үлдсэн.

-Гэр хорооллын нэг хашаанд 2-3 айл оршин суудаг тохиолдолд яах вэ?

-Тухайн газар дээр нэг биш айл байж болно. Мөн зам дагуу байршилтай газар ажлын байртай ч байж мэднэ. Гагцхүү үүнийг эзэмшигчтэй нь төсөл хэрэгжүүлэгч компани хэлэлцээр хийж, гэрээ байгуулсны үндсэн дээр газрыг нь чөлөөлүүлэх ёстой л доо. Ингээд чөлөөлсөн газраа НИТХ-аас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу бас өөрсдийн хийсэн ерөнхий төлөвлөгөөний саналтай цуг оруулж ирнэ. Бидний хийсэн төлөвлөгөө бол эцсийн хувилбар биш шүү дээ. Иргэдтэй тохирч, газраа чөлөөлсөн компани тодорхой хэмжээний ашиг олохын тулд тэр газарт ямар төлөвлөлт хийхээ мэдэх ёстой. Хот бол тодорхой стандарт тогтоож өгнө, дэд бүтэц явах чиглэлийг тогтоож өгнө, тухайн газар дээр ямархуу хэмжээний барилга барих вэ гэдэг ерөнхий зүйлийг нь  тогтоож өгнө.  Энэ хүрээнд тухайн компани өөрийнхөө төлөвлөгөөг эргэж бидэнд танилцуулж, хотоороо батлуулах ёстой. Үүний дараа  бүтээн байгуулалтын ажил эхэлнэ дээ.

-Өмнө нь 100 айлын орчим газар чөлөөлж байна гээд нэг айлын нэг ам метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлсэн тохиолдол гарсан шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Нэгдүгээрт, нэг ам метр газар 100 мянган төгрөгийн үнэтэй гэж хот тогтоодог нь буруу. Харин иргэдийн газрыг нь зах зээлийн үнэлгээгээр авах ёстой. Жишээ нь, телевизийн ойролцоо байгаа айлуудын газрын үнэлгээ нэг өөр. Дамбадаржаа, Сүхбаатар дүүргийн XV хороо, 58 дугаар сургуулийн орчим бас өөр үнэтэй. Энэ хоёр газрыг нэг үнээр үнэлж болохгүй. Хоёрдугаарт, тэр 100 мянган төгрөг бол “Дэд бүтцийн трассд байгаа айлуудын газрыг чөлөөлөхдөө нэг ам метр газрыг 100 мянгаар үнэлье” гээд хотоос тогтоосон байдаг юм билээ. Гэтэл тэр 100 мянгыг хавтгайруулаад ерөөсөө л газар чөлөөлөх  үнэ 100 мянга юм байна гээд ойлгосон. Ер ньингэж газрын үнийг захиргааны аргаар тогтоосон нь эргээд маш их сөрөг үр дагавар авчирсан. Бид бол газрын үнэлгээг зах зээлийн зарчмаар явах ёстой гэж үзэж байгаа. Нэг талаас компани. Нөгөө талд газрын эзэн. Энэ хоёр субъект ямар үнэ дээр тогтоно тэрийг нь хот зөвшөөрөөд батлах ёстой. Энэ бол өөрөө зах зээлийн үнэ.

-Зах зээлд нь даатгаснаар зарим иргэд хохирох үзэгдэл гарах юм биш биз дээ?

-Юун түрүүнд иргэдийг хохиролгүй байлгана. Гэхдээ “Иргэдийг хохиролгүй байлгана” гэж юуг хэлж байгаа юм бэ. Энэ их сонин ойлголт шүү. Жишээ нь, тухайн иргэн хашаа байшингаа гурван өрөө байраар солиход хохиролгүй гэж болно. Эсвэл хашаа байшингаа гурван өрөө байраар солиход хангалтгүй гэж үзэж болно. Би ийм ажлын байртай, түүнийгээ хадгалмаар байна гэж болно. Тэр нь 80 ам метр талбайтай байж гэж бодъё л доо. Тэгвэл тэнд үйлчилгээний төвтэй орон сууц баригдана.  Тухайн хүн “Би тэндээс чинь 80 ам метр талбайтай ажлын байр өмчлөж авъя” гэх зэргээр тохирч чадаж л байвал болоо. Өөрөөр хэлбэл хохиролтой, хохиролгүйг бид юу гэж хэлж байна вэ гэвэл нэгдүгээрт өмчлөгч эзэн, хоёрдугаарт газрыг чөлөөлж байгаа компани аль аль нь сэтгэл ханамжтай байвал  үйл ажиллагаа амжилттай явж байна л гэж ойлгоно.

-Компаниуд эрсдлээ өөрсдөө даана гэж байгаа. Тэдэнд  нийслэлийн удирдлагын зүгээс ямар дэмжлэг юм бэ?

-Энэ талаар ярьж байгаа. Хамгийн гол нь санхүүгийн чадавхитай, техникийн чадавхитай компанийг сонгон шалгаруулна. Төсөл хэрэгжээд дундаа орж байтал мөнгө нь дууслаа гэвэл утгагүй биз дээ. Үүнийг нийслэл нилээн харж шийднэ. Ерөнхийдөө төсөлд оролцох компаниудын бүх мэдээлэл бэлэн болсон. Удахгүй  энэ талаар мэдээлэл өгч эхэлнэ. Компаниуд энэ ажилд оролцохдоо тодорхой хэмжээний ашиг харах нь ойлгомжтой. Тэгэхээр дахин төлөвлөлт хийсэн газар дэд станц, ариутгах, цэвэр бохирын байгууламж,цэцэрлэг, сургууль барьж таарна. Энэ бүгдийг төсөлд шалгарсан компаниар нь бариулъя гэж байгаа юм. Хөрөнгийг  нь Улс, нийслэлийн төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгөөр хийх ажлыг тэр компани давуу эрхтэйгээр авч байгаа гэсэн үг.

-Тэвэл компанийн гүйцэтгэлд хэрхэн хяналт тавих вэ?

-Нэгдүгээрт, гурвалсан гэрээ байгуулна. Хоёрдугаарт, барилгын чанарт хот байгуулалт төлөвлөлтийн газар зэрэг тодорхой мэргэжлийн хүмүүс хяналт тавина. Мөн хот өөрийнхөө оруулсан хөрөнгөөр хийж байгаа ажилд хяналт тавьж ажиллана.

-Эцэст нь компаниудын сонгон шалгаруулалтын асуудал үлдэж байна. Үүнийг хэр шударга болно гэж бодож байна?

-Сонгон шалгаруулалтыг ил тод явуулна л даа. Түүнээс биш хэн нэгэн дарга, хэн нэгэн Баттулга шийдэж болохгүй. Энэ нь өөрөө өрөөсгөл болно. Харин хүмүүс 12 байршлынхаа талаар мэдээлэл өгч урилга тараана. Санхүүгийн болон техникийн чадавхи дээр нь тодорхой хэмжээний босго тавина. Үүнийг хангаад гараад ирсэн компаниуд ажлын хэсэгт санал тавина. Ажлын хэсэгт таван компани орсноос гурав нь гараад ирлээ гэж бодъс. Энэ гурван компани тухайн орон нутагт долоо хоногийн дотор танилцуулгаа хийнэ. Бид харин иргэдэд танай сонгогдсон байршил дээр энэ гурван компани төсөл хэрэгжүүлж чадах юм байна. Та бүхэн алийг нь сонгох вэ гэж саналыг нь авна. Ингээд иргэдийн сонгосон компанид төсөл хэрэгжүүлэх эрхийг нь өгөх юм.