“ITB Berlin 2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

2018-03-09 10:48:52

ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.

МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and  Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, Juulchin World Tours, Nature Tours, A Star Mongolia, AB Travel зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. 

 “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.