Музей үзэгчдийн 70 хувь нь хүүхдүүд байв

2018-03-07 10:14:59
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг музейнүүд маргаашийг хүртэл иргэдэд үнэгүй үйлчилнэ. Музей үзэгчдийн 70 хувь нь хүүхдүүд байна. Музей гэдэг тэр чигээрээ эх орны минь түүх. Тиймээс түүнийг судалж, мэдэхийг хүссэн хүмүүсийн урт цуваа үргэлжилсээр байна. Бид зарим музейгээр зочилсон юм. Эхний зогсоол Монголын үндэсний музей. Энэ музей есөн танхимтай. “Үнэгүй үзүүлсэн өдрөөс хөл хөдөлгөөн ихтэй байна” гэсээр тус музейн боловсролын ажилтан Б.Энхсайхан биднийг угтсан юм. Тэрээр “Өнөөдрийн байдлаар манай музейг 4023 хүн үзсэн. Үүний ихэнх нь анги хамт олон болон гэр бүлийнхэн байна. Хүүхдүүд ихэвчлэн XIII зууны үеийн хатдын малгайг сонирхон өмсч үзэж байна. Харин хөвгүүдэд нум сумнаас хамгаалах хувцас сонирхлыг нь татаж байгаа бололтой” гэсэн юм. Үнэхээр танхим бүрт хүүхдийн дуу цангинана. Энд XIII зууны баатрууд болон уламжлалт наадгайнууд, соёмбо тэмдгийн тайлбар бяцхан багачуудын сонирхлыг татаж байсан юм.
 
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙГ 32 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ
Монголын үндэсний музейгээс гараад “Үлэг гүрвэлийн музей”-г зорилоо. Музейн хаалгаар ороход тэртээ үлэг гүрвэлийн эрин зуунд ирчихсэн юм шиг сонин мэдрэмж төрж байлаа. Тус музейг 32 мянга гаруй хүн үзсэн тухай музейн захирал Н.Жавзмаа онцолсон юм. Тэрээр “Манай музейд ирсэн хүмүүсийн ихэнх нь сурагч байсан. Тэдэнд үлэг гүрвэлийн үүсэл гарал болон Монголын тал нутагт амьдарч байсан гүрвэлүүдийн тухай ярьж, тайлбарлаж өглөө. Хэрэв музей үргэлж үнэгүй байдаг бол олон хүн мэдлэгээ тэлнэ дээ” гэв. Энэ үеэр нийслэлийн 76 дугаар сургуулийн сурагчид музей үзэж байхтай таарав. Тэдний сэтгэгдлийг хүргэе.
 
8д ангийн сурагч Б.Баярмагнай:  МУЗЕЙ ҮЗСЭНЭЭР МЭДЛЭГЭЭ ТЭЛЛЭЭ
-Бид өнөөдөр Үлэг гүрвэлийн музейтэй танилцлаа. Аварга биет амьдтын үүсэл гарлын тухай тайлбарлагчийн ярьсан сонирхолтой санагдсан. Бид өмнө нь манай нутагт үлэг гүрвэл амьдарч байсан тухай мэдлэггүй байсан. Энэ музейг үзсэнээр мэдлэгээ тэллээ. Маргааш “Монголын театрын музей”-гээр зочилно.
 
7г ангийн сурагч Б.Бат-Ундрал: ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮДТЭЙ ТАНИЛЦСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
-Би өмнө нь “Байгалийн түүхийн музей”-г үзэж байсан. Тэндээс Монголын хөхтөн амьтны танхим сонирхолтой санагдаж байсан. Харин өнөөдөр монголд амьдарч байсан үлэг гүрвэлүүдтэй танилцсандаа баяртай байна. Хэрэв музей үргэлж үнэгүй байдаг бол Монголынхоо бүх музейгээр орж, эх орныхоо түүхтэй танилцахсан гэсэн бодол төрж байна гэж байлаа.
Бид тэндээс гараад “Монголын театрын музей”-г зорьсон юм. Мөн л хөл хөдөлгөөн ихтэй биднийг угтав. Энд Монголын театрын урлагийн үнэт үзмэрүүд түүх болон хадгалагддаг. Алдартнуудын хөрөг зураг болон тэдний хэрэглэж байсан эдлэлүүд хүүхдүүдийн сонирхлыг татаж байгаа тухай музейн захирал Д.Наранжаргал хэлж байв. Энэ өдөр тус музейг 69 болон 79 дүгээр сургуулийн 300 гаруй хүхэд үзэж байхтай таарсан юм. Тэд “Ану хатан” киноны ордны загвар болон алдарт Лувсан хуурчийн хөрөг, кино зураг авдаг байсан камерийг ихэд сонирхож байв.
 
 
Г.НАСАНБААТАР, А.ЦЭРЭНДОРЖ