Гаднын хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ

2018-03-02 13:01:51

Гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу энэ жил нийслэлийн төсөвт 10, улсын төсөвт 58 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ “Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг шаардлагатайг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцлов.

  • 10 жилийн дараа насжилт нь хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх эрсдэл нүүрлэжээ.
  • Угсармал орон сууцны 88-ынх нь дулаан алдалтыг шийднэ.
  • Ахмадын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ.

Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүүгийн НИТХ-д танилцуулсан тэрхүү хөтөлбөр есөн зорилт бүхий таван бүлэгтэй. Үүнд хотын инженерийн дэд бүтэц, хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа, гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын төлөвлөгөөг багтаажээ.

Уг ажлын хүрээнд орлогод нийцсэн орон сууцны бодлогоор 7740 өрхийг орон сууцжуулж, хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын хоёр тэрбум юанийн санхүүжилтээс гаргах аж. Харин дулаан хангамжийг газрын гүний дулаан, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэнэ. Дарь-Эх, Гачуурт, Баянхошуу, Толгойтод дөрвөн усан сан барьж, 1965-2000 оны хооронд баригдсан 1077 угсармал орон сууцны 88-ынх нь дулаан алдалтыг зоорийн давхраас дээвэр хүртэл бүхэлд нь шийдэхээр төлөвлөсөн байна. 

Мөн шинэ суурьшил, хороолол байгуулах боломжтой байршлуудад суурь судалгаа хийж, ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулж, гаднын хөрөнгө оруулалт татаж нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлнэ гэдгийг П.Баярхүү орлогч хэлсэн юм.

Харин НИТХ-ын төлөөлөгчид алслагдсан дүүргийн иргэд хамрагдаж байгаа эсэх, хөрөнгө оруулалтыг яаж босгох, орон сууцны борлуулалтыг хэрхэн шийдвэрлэх, ахмадын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгох шаардлагатайг онцолж байлаа.

ХЭН ЮУ ХЭЛЭВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Улаанбаатар хотын 164 мянган өрх орон сууцанд, 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 400 гаруй өрх орон сууцгүй болж хохирсон. Үүнээс 200 иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулаад байгаа. Харин үлдсэн 182 иргэний энэ онд ашиглалтад орох 232 орон сууцанд оруулна.

Мөн НОСК-ийн түрээсийн орон сууцны бодлогыг дэмжиж 10 мянган айлын орон сууцны II хөтөлбөр хэрэгжихээр болсон. Хөрөнгө оруулалтын 20 хувийг Ногоон зээлийн сангаас, 80 хувийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Нийт орон сууцны 70 хувь нь дундаж орлоготой иргэдэд зориулсан 40-60 ам метр хэмжээтэй байна. 20 хувь нь арилжааны шинжтэй байх бол үлдсэн 10 хувь нь тохилог хаус байхаар төлөвлөсөн.

Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү: 
-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн 24 байршилд хэрэгжиж байгаа 75 хэсэгчилсэн талбайг хамарсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 70 гаруй мянган өрхийн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч ердөө таван мянга нь л ашиглалтад орсон. Одоо нийслэлийн 14 хороололд 1965-2000 оны хооронд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45 мянган өрх амьдарч байна.

Эдгээр орон сууцны барилгын дулаан, техникийн шинэчлэл хийгдэхгүй удсанаас 10 жилийн дараа насжилт нь хэтэрсэн барилгын тоо 3.5 дахин нэмэгдэх эрсдэл нүүрлээд байна. Энэхүү хөтөлбөр иргэдийн орлогод нийцсэн бодлогын хүрээнд нийгмийн бүх давхаргад хэрэгжинэ. III, IV цахилгаан станцыг өргөтгөж, шаардагдах эрчим хүчээ авна. Эхний ээлжинд Баянхошуу, Ханын материалыг орон сууцжуулахын тулд дэд төв байгуулж, цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэнэ. Хөрөнгө оруулалтыг улс, нийслэлийн төсөв, олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх журмыг баримталж шийдвэрлэнэ.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын дэд захирал А.Энхманлай:
-Орлогод нийцсэн орон сууцанд гэр хороололд амьдардаг, эсвэл анх удаа орон сууцанд орох гэж байгаа иргэд хамрагдах боломжтой. Ерөнхийдөө тодорхой шаардлага хангаж байгаа иргэдийг хамруулна. Үнийн хувьд дунджаар 52- 60 саяын орчимд байхаар төлөвлөсөн. Зөвхөн банкны шалгуурт нийцсэн байх биш, иргэдийн орлогод үндэслэн орон сууцанд хамрагдана гэсэн үг.

Хамгийн гол нь тухайн иргэний орлого тодорхой байх шаардлагатай. Мөн энэ жилээс түрээсийн орон сууцыг бодлогоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь орон сууц худалдан авах боломжгүй, урьдчилгаа төлбөргүй иргэдэд хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд амьдрах боломж олгож байгаа юм. 

Г.Оюунтөгс