Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч байна

2018-03-02 11:19:55

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай, Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ.  “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн  НЗДТГ-ын  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Ү.Ганболд танилцуулав.

Мөн хурлаар ирэх 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж дэмжээд, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.