Алслагдсан гурван дүүрэгт ч инженерийн дэд бүтцийн төв байгуулна

2018-03-01 09:29:37

НИТХ-ын ээлжит хурлаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс дараах тодруулгыг авсан юм.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн гэсэн инженерийн дэд бүтэцтэй сервис центрүүд яригдаж байна. Хөтөлбөрт алслагдсан гурван дүүрэг цаашид багтах уу. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргээс эхэлж байна гэж ойлгосон?

-Алслагдсан дүүргүүдийг энэ хөтөлбөртөө оруулаад явж байгаа. Агаарын бохирдлын үзүүлэлт дээр 202,400 гэсэн тоо байдаг. Энэ нь төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдийн тоо. Харин энэ хөтөлбөр дээр 216 мянга гээд явж байгаа. Энэ нь алслагдсан гурван дүүргээ оруулаад, есөн дүүргээ бүгдийг нь багцалж оруулсан тоо юм.

Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамтай хотын дарга ярьж тохирсны дагуу Дэд бүтцийн 50 төв барих асуудлыг улсын төсөвтөө суулгахаар хоёр тэрбум юанийн задаргаан дээр Засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэгт инженерийн дэд бүтцийн төвийг тус бүр нэг нэгийг суулгасан.

-Энэ хөтөлбөрт орон сууцыг урьдчилгаа төлбөргүйгээр иргэдэд олгох боломжийг нээсэн үү?

-Манай эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор өнөөдөр байрны урьдчилгаа төлж чадах иргэд ч байна, төлж чадахгүй иргэд ч маш олон байгаа. Энэ иргэдэд орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэрийг хөгжүүлэх бодлогыг уг хөтөлбөрт оруулсан.

Энэ ажлыг нийслэлийн орон сууц, санхүүжилтийн корпораци дээр хариуцаж явна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо, Ханын материалд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны барилгын эхний ажил эхэлнэ. Энэ хэлбэрийн ажлуудыг ТОСК болон хувийн аж ахуйн нэгжүүд сайн дэмжиж, өөрсдийн барьсан, борлогдохгүй байгаа орон сууцуудаа түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа нь бидний бодлого зөв юм байна гэдгийг харуулж байна.

-Цаашдаа дулааны асуудпыг нь дулааны шугам сүлжээг хангагч байгууллагууд аваад явах юм уу, эсвэл дэд төв байгуулах уу?

-Улаанбаатар 152 хороотой, түүний 89 нь гэр хороолол. Энэ 89 гэр хорооллын 20 гаруй хороо нь л дөрвөн киловаттын хүчдэлийг хангах боломж бүхий цахилгаан хангамжтай. Бусад гэр хороололд цахилгаанаар халаах эрчим хүчний дутагдалтай байна.

Бид өнгөрсөн онд 33 тэрбум төгрөгөөр цахилгааны хүчдэлийн уналтыг багасгах ажлыг нэлээд хэдэн хороонд хийсэн. Энэ жил Эрчим хүчний яамтай хамтран 24 тэрбум төгрөгөөр үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Ингэхдээ дөрвөн киловатт хүчдэлийг даах хороодынхоо дундах цоорхойнуудыг нөхөж, тэлэх замаар өргөтгөх бодлогыг- баримтлаад явж байна. Энэ ажилд яам, хот нэгдмэл байр суурьтай байгаа.

-Улаанбаатарын дэд бүтцийг хөгжүүлэхэд яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа бол. Дэд хөтөлбөрт газар доогуур явах инженерийн шугам сүлжээний ажлыг хэр тусгасан бэ?

-Энэ ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн хот төлөвлөлт, төлөвлөгөөний газар, Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, Нийслэлийн орон сууцны корпораци, Улаанбаатар дулаан, Улаанбаатар цахилгаан, эрчим хүчний сүлжээ, БОАЖЯ, БХБЯ, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо бүгд цогц, уялдаатай ажиллаж байна.

Бусад дэд бүтэц, дулааны эх үүсвэрүүдийг шийдэхэд хамгийн хүндрэлтэй асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Өнөөдөр хоногт 160-170 мянган шоо метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байна. Гэтэл үүнээсээ давсан үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

Үүнийг ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг дундын, төвийн, захын гэж гурван хэсэгт хувааж, энэ бүсчлэлийнхээ дагуу дундын болон захын бүсэд өөр дээр нь хэсэгчилсэн байдлаар шийдэх төлөвлөгөөтэй байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, Засгийн газар, яамд нэгдсэн бодлогоороо уялдаад ажиллаж байгаа юм.

Жишээлбэл, усан сан шинээр барих өргөтгөх ажлын хүрээнд Зүүн хойд бүсийн одоо байгаа 6,000 шоо метр усан сан дээр нэмж дөрвийг барина. Ингэхээр нийтдээ 24,000 куб метр болж байгаа. Энэ усан санг Гачуурт, Дарь-Эх, Толгойт, Хандгайт, Баянхошуунд барьж байна. Ингэж 6,000 шоо метрийн усан сантай болсноор Улаанбаатар хотын гэр хороолол бүгд цэвэр усны төвлөрсөн шугамд холбогдох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол орон сууц барихдаа Дэд бүтэц барьдаг биш, гэр хорооллоо ч бас дэд бүтэцжүүлэх бодлогын хөтөлбөр.

Тийм учраас дулаан, цахилгаан, ариутгах татуургын шугамууд хүрэлцэхгүй байгаа тохиолдлуудад бид өөрсдөө шийдэлтэй инженерийн дэд бүтэцтэй байя гэсэн зорилготой. Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүтнээр нь, цогцоор нь харсан бодлого юм.