Үүрэг даалгавар

2013-02-18 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 02 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх журмын дагуу 2012 оны холбогдох тайлан, мэдээ, судалгааг нэгтгэн боловсруулж Загийн Газрын Хэрэг Эрхлэх газарт хүргүүлэх ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс хариуцан шаардлагатай материалыг холбогдох нэгжүүдээс авах, нэгжүүд тайлан, мэдээг хугацаа алдахгүй гарган өгөх. Өнгөрсөн онд нийслэлийн ажил амьдралын бүх хүрээг хамарсан томоохон өөрчлөлтүүд гарсныг тайланд оруулсан байх

ХОЁР. Нийслэлийн Боловсролын газар сургууль, цэцэрлэгүүдийн эцэг, эхийн зөвлөлийн төлөөллийн саналыг авсны үндсэнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн сонгон шалгаруулалтын журмыг дахин боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах.

ГУРАВ. Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Ус-15” дулааны шинэ станц барихтай холбогдуулан 10.8 га газрыг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөх арга хэмжээ авах.Халаалтын зуухны ашиглалтын газар станц барих ажлын явцад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллах.

ДӨРӨВ. Нийслэлийн хэмжээний 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 01-нд эхлүүлэх. Улаанбаатар хотын Дулааны сүлжээ ХК-наас бусад бүх байгууллагад инженерийн шугам сүлжээ, барилгын их болон урсгал засварын ажил хийх цаг хугацааны боломжтойг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд анхаарах.

ТАВ. Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах. Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Архивын газар албан хэрэг хөтлөлтийн стандартаар бүх шатны төрийн байгууллагуудад сургалт зохион байгуулах.

ЗУРГАА. Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газар гудамж, талбайн болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, рекламыг шинэчлэх загвар, схез гаргаж санал болгох.Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл бичгээр болгох ажлыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хариуцан гүйцэтгүүлэх.

            Дээрх чиглэлүүдээр хувийн хэвшлийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх.

ДОЛОО. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 38 дугаар тогтоолын холбогдох заалтуудад үндэслэн орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэх ажлыг /Өрхийн эрүүл мэндийн төвүүд, орон нутгийн чанартай зам гүүр, гадаадын хандив, тусламж, зээлийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгө зэрэг/ энэ сард дуусгасан байх. Нийслэлийн өмчийн хувь хэмжээг нэмэгдүүлэх өмнө өгсөн үүргийн дагуу зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ долоо хоногийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах.

НАЙМ. Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байсан, ажилгүй болж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж ажлын байраар хангах арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ, яамтай хамтран хэрэгжүүлэх. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн 50,0 мянган иргэнийг баталгаат ажлын байртай болгохоор заасан заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажлын байрны гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах.    

ЕС. Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлын хээрийн судалгааны ажлын Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн төсөл хэрэгжих хэсгүүдэд газар өмчлөхдөө эзэмших эрхийн гэрчилгээ авдаг илүү шат дамжлагыг арилгасаныг иргэддээ таниулах, газар хувьчлалын ажлыг эрчимжүүлэх.

АРАВ. Нийслэлийн Замын цагдаагийн газар хотод хаягтай иргэнд автомашины хотын дугаар олгодог болгох.Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд гэрийн хаягаар нь торгууль ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ ажлыг эхлүүлэх.

АРВАННЭГ. Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Замын цагдаагийн газар гудамж, замын хяналтын камерт зөрчил нь бүртгэгдсэн жолоочид хариуцлага тооцох ажлыг орхигдуулж байгаадаа дүгнэлт хийж ажиллах.

АРВАНХОЁР. Нийслэлийн Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар, Улаанбаатар зам засвар, арчлалт компани хамтран авто замын нэгдүгээр эгнээг тусгаарласан замын хаалтыг /түмбэ/ зөв газарт байршуулах, бүрэн бүтэн байлгах, сэргээн засварлах, түмбийг дайрсан, гэмтээсэн жолоочийг тухай бүр илрүүлэн хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулж ажиллах.

АРВАНГУРАВ. УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчилан таниулах сургалтыг нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулах.

АРВАНДӨРӨВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч ажиллах.

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                         ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС