Нийслэл Их Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой болов

2018-02-02 16:34:51

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний  амьдарч байсан гэрийнх нь   бууринд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны иргэдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун,  Баянзүрх дүүргийн  МАН-ын хорооны дарга  Э.Бат Амгалан нар гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн  МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч  С.Батболд хэлэхдээ  “Өнөөдөр Монголын ард түмний суут хүү Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг бид бүхэн тэмдэглэж байна. Энэ хүн бол өнөөгийн Монгол орныг бий болгоход үнэлж баршгүй гавьяа байгуулсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм. Бидний өвөг дээдэс өнөөгийн Монгол Улсыг байгуулахын тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн. Харамсалтай нь 1990 оноос эхлэн сүүлийн 100 жилийн түүхийг гуйвуулах, Ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах зэрэг үйлдэл гарах болсон. Тиймээс бид түүхээ байнга сэргээн санаж байх учиртай. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгууллаа.  Үүний нэг чухал арга хэмжээ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буурь байдаг гудамжийг  их жанжиныхаа нэрэмжит болгохоор болсон. Энэхүү тогтоолын дагуу  нийслэлийн нэг хороог  Д.Сүхбаатарын нэрэмжит болгоод зогсохгүй  хот тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ. Гэрийн буурь байгаа газарт  Улаанбаатар хотыг “Ногоон хот” болгох зорилтын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулах ажлыг хийнэ. Хавраас тохижилтын ажлыг эхлүүлнэ.  Ингэснээр  хамгийн олон хүн амтай  Баянзүрх дүүрэгт  нийслэлийн иргэд маань  ирэх дуртай Цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх болно” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч  Э.Бат-Амгалан “Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчид, намын удирдлагууд, төрөл төрөгсдийн төлөөлөл, дүүргийн иргэд гээд 300 орчим хүн Жанжины төрж, өссөн гэрийн бууринд  дээр очиж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Ингээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Монгол Улсын хэмжээнд анх удаа Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо. Энэ дагуу 2018, 2019 оны нийслэлийн төсөвт суугдсан санхүүжилтийн хүрээнд уг буйрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэлийг тавьсан явдалд баяртай байна” гэв.

Тогтоол хүлээн авах ёслолд Их Жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд оролцож, Их Жанжины мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж буйд Нийслэлийн удирдлагууд болон МАН-ын удирдлагуудад талархаж буйгаа  илэрхийллээ.  Их жанжин Д.Сүхбаатар  нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар  Амгалан буюу  Баянзүрхийн  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг байсан.  Өнөөдөр ч их жанжины  төрөл төрөгсөд энэ дүүрэгт  амьдарч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.