С.Амарсайхан: Газартай холбоотой ажлыг илүү нээлттэй, ил тод болгоно

2018-01-23 09:49:17
НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар газрын асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр иргэдийн хүсэлт дээр тулгуурлан газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.
 
-Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Нийслэлийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлын ул суурь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах вэ гэдгийг харилцан ярилцах үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэр хэмжээгээр  газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олох зорилготой юм.
 
-Нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг үнэхээр шүүмжлэхээс ч өөр арга алга. Нээлттэй болгож болдоггүй юм уу?
 
-Нийслэлд газрын албатай холбоотой үйл ажиллагааг иргэд их хэмжээгээр шүүмжилдэг. Бид цаашид газартай холбоотой ажлыг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг хуулийн хугацааг заавал 30 хоног гэж хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр иргэдийн өгсөн санал гомдол шийдвэрлэгдэхгүй 10-15 жил болсон газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн асуудлыг шийдэх үүднээс ажлын хэсэг  байгууллаа. Түүнчлэн газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, тэр хэмжээгээр бүх төвшинд энэ асуудал нийслэлийн бодлого шийдвэртэй нийцсэн, иргэдийнхээ ажил амьдралын бодит нөхцөл байдалтай уялдсан болох ёстой. Төрийн байгууллагаас эхлээд харилцан уялдаатай нийтээрээ нэгдэж хүндрэлтэй асуудлаа шийдээд Улаанбаатарын хөгжлийн гол үндэс болсон газрын үнэ цэнийг нэмэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байна.
 
– Иргэдээс ирсэн өргөдөл, гомдолтой та танилцсан уу.  Ямархуу дүр зураг ажиглагдаж байна вэ?
 
-Өргөдөл, гомдлын шийдвэрлэгдээгүй хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл болон  10-аас дээш жилийн хугацаанд шийдвэрлээгүй асуудал ч байна.
 
Хэлэлцүүлгээс иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргаж газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороог байгуулах, өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг шат дараалан авахаар тусгасан. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэхээр боллоо. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөмжид тусгаж холбогдох албадуудад үүрэг болгоод байна.
 
-Сүүлийн үед 1000 машины зогсоолтой холбоотой асуудал яригдаж байна.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ асуудалтай холбоотой иргэдээс өргөдөл, гомдол ирж байна. Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал яригдаж байгаа.  Энд хэний эрх ашиг яаж зөрчигдөж байгаа, тэр нь хотын удирдлагын  бодлоготой хэр уялдаж байгаа зэрэг асуудлыг зөв өнцгөөс нь судалж байна. Бид 2018 онд газрын ухаалаг менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна.
 
Т.Батсайхан