Тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-02-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйл, 30.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийн дагуу  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ- н үүсгэн байгуулсан “Төгсзаяа”, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Энхбаярын үүсгэн байгуулсан “Нархан хотхон” цэцэрлэгийг байгуулах,  сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсүгэй.

2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагч Б.Энхбаяр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-д тус тус үүрэг болгосугай.

3. Шинжээчийн ажлын хэсгээс өгсөн үүргийг бүрэн ханган биелүүлсний дараа шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн  дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгосугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ