Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав тавилаа

2012-05-09 00:00:00

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шав өнөөдөр тавилаа.
“Хүүхдүүд тэр тусмаа өнөөдөр өвчин шаналалд шанал байгаа хүүхдүүд, тэдний эцэг эхэд туслах сайхан арга хэмжээ болж байгаад баяртай байна. Монгол хүүхдүүдэд туслах саналаа Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад дуулгаж, тэд маань ч сайн хүлээж авснаар өнөөдөр ажил хэрэг боллоо” хэмээн бурхан шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи шав тавих ёслолыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.
ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага байна. Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тус эмнэлгийн дарга нээлтийн үеэр хэлж байлаа. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. Зөвхөн цус бус бусад эрхтний хавдартай хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон үед энэ эмнэлэг шаваа тавьж байгаа нь нүдээ олсон хэрэг гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн. Түүнчдэн Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулсан дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд цусны эмгэг судлалын тасгийг хүүхдийн цусны эмгэг-хавдрын төв болгон өргөтгөх зорилго тавьсантай давхцаж байгааг нээлтийн үеэр онцоллоо.
Эмнэлэг хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лабораторитай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношлогооны иж бүрэн төв болох аж.