“Улаанбаатар-эрүүл, цэвэр аюулгүй хот” уралдааныг дүгнэж байна

2012-05-02 00:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаач, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарласан. Энэхүү  уралдааныг 5 сарын хугацаатай зарласан бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг яг одоо нээлттэй шүүн хэлэлцэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, шийдвэрлэх, шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачилга гаргаж тавихад уралдааны зорилго оршиж байгаа. Уралдаанд судалгаа, шинжилгээний ажлыг:  

•    Агаарын чанар ба бохирдол, түүнийг бууруулах арга зам;
•    Усны бохирдол, цэвэрлэх байгууламж, голын усны түвшин, цэвэр усны нөөц;
•    Хөрсний бохирдол, эвдрэл, хуурайшилт, тоосжилт, цөлжилт;
•    Газар хөдлөлтийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, зарлан мэдээлэх;
•    Орон сууц, нийтийн зориулалтын барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг үнэлэх, шийдвэрлэх;
•    Гэр хорооллын хөгжлийн шийдэл;
•    Газар ашиглалт, газрын менежмент,
•    Хот байгуулалт төлөвлөлтөд газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь;
•    Хотын төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах, дагуул хотуудыг хөгжүүлэх;
•    Хотын дэд бүтцийн байдал, цаашдын эрэлт, шинэ технологи, шийдэл;
•    Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний бөглөрөл, осол аваар, хөдөлгөөний оновчтой удирдлага, нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх боломж;
•    Химийн болон хорт бодисын хадгалалт, тээвэрлэлт;
•    Хот байгуулалт төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
гэсэн 13 чиглэлээр хийх болзол зарласанаас нийт 24 оролцогч 27 бүтээл ирүүлсэн.
 Үүнээс 7 оюутны 7 бүтээл, 17 эрдэмтэн судлаачдын  20 бүтээл ирүүлснийг шүүн хэлэлцэж, судлаач эрдэмтдийн шилдэг 5, оюутны шилдэг 5 бүтээлийг тус тус шалгаруулна.

Уралдааны дүн www.usmca2012.mn цахим хаягт маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр  тавигдана.  Шалгарсан бүтээлийн шагнал гардуулах ёслол 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 9.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болох юм.
Шилдэг 10 бүтээл болон цаашид ирээдүйтэй, үр дүнд хүрч болохуйц 10 хүртэл илтгэлийг “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх симпозиумд илтгэгчээр оролцуулж, бүтээлийг эмхэтгэлд оруулна.