Ж.Батбаясгалан: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш Улаанбаатарт 9000 гаруй иргэн шилжин ирсэн

2017-12-12 13:56:59

-Улаанбаатарт шилжин ирэхийг хориглосон захирамжийн үйлчлэл 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусна. Захирамжийг сунгах, эсэхийг Үндэсний хорооны хурлаар шийдвэрлэнэ-

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн засаг дарга С.Батболд 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргасан. 2017 он дуусаж байгаа энэ үед, уг захирамжийг сунгах, эсэх талаар Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан Засаг дарга Ж.Батбаясгалангаас тодруулахад,

Энэ долоо хоногт Ерөнхий сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана. Уг хурлаар бид Улаанбаатарт шилжин ирэхийг хориглосон хязгаарлалтын арга хэмжээг сунгах асуудлаа оруулж, шийдвэрлүүлнэ.

-Үндэсний хорооны хурлаар та бүхний саналыг дэмжихгүй бол яах вэ? 
-Дэмжихгүй байх үндэслэлгүй. Яагаад гэвэл үндэсний хороонд багтдаг бүх салбарын сайдуудын тулгамдсан асуудлуудын нэг нь энэ болсон. Улаанбаатар хотод 220 мянган өрх төвийн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй байна. Тэр хэрээр агаар хөрсний бохирдол, хот төлөвлөлтийн зохист харьцаа алдагдсан нь Байгаль орчны яам, Барилга хот байгуулалт, Зам тээврийн зэрэг яамны шийдлээ хүлээсэн асуудал болсон. Тэгэхээр дэмжлэг авах болов уу гэж найдаж байна.

2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ хуралдаанд нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл шилжин ирэх хөдөлгөөнийг хориглох тухай саналыг бүрэн дэмжсэн. Энэ захирамж нь Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.4 сая хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой хязгаарлалт юм.

-Энэ жил Улаанбаатар хотод хэчнээн иргэн шилжиж ирсэн бол?
-Нийслэлийн Засаг даргын захирамжид Улаанбаатар хотод байрлаж буй эмнэлгүүдэд удаан хугацаагаар үйлчлүүлэх иргэдийг хязгаарлалтад хамааруулахгүй. Мөн шилжиж ирж, орон сууц худалдан авах иргэд хязгаарлалтад хамаарахгүй гэж заасан. Үүний цаад агуулга нь Улаанбаатар хотод яндангийн тоо нэмэх, жорлонгийн нүх шинээр ухах газар, багтаамж байхгүй болсон гэдэг санаа юм.

Тиймээс бид барилгажих хязгаараа тогтоосон. Энэ хязгаарын дотор амьдаръя гэвэл та заавал байгаль орчинд ээлтэй технологиор дэд бүтцээ шийдэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрээд байна. Уг захирамжид заасан шаардлагыг хангасан 9000 гаруй хүн шилжин ирсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар болон орон сууц худалдан авч, шилжин ирсэн хүмүүс гэсэн үг л дээ. Улаанбаатар хотоос мөн шилжин явсан хүн олон бий.

-Тэгэхээр Улаанбаатар хот цаашид ч иргэдийн шилжин ирэх хөдөлгөөнд хязгаар тавина гэсэн үг үү? 
-Улаанбаатар хот 1.4 сая иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зохистой хэмжээнд хүртлээ тодорхой хугацаанд шилжин ирэх хөдөлгөөний хязгаарлалт хийх бодлогоо үргэлжлүүлье гэж байгаа. Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотод жилд дунджаар 30-аад мянган хүн шилжин ирсэн статистик байна. Нүүж ирсэн хүмүүсийн дийлэнх нь гэр хороололд суурьшсан. Ингээд бодоход 2017 онд 10 гаруй мянган яндан нэмээгүй байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

-Улаанбаатар хотод 2017 онд бичиг баримтгүйгээр шилжин ирээд суурьшсан өрхүүд байгаа. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Зөвшөөрөлгүйгээр нүүж ирсэн иргэд төрийн үйлчилгээ авах боломжгүй л гэсэн үг. Тэгэхээр эрчим хүчний гэрээ байгуулахгүй. Халамж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авахгүй. Ер нь Улаанбаатар хотын даацыг тооцоход явуулын хүмүүсийг оруулаад 1.7-1.8 сая иргэн амьдарч байна гэж тооцдог.

Анх 500-600 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн хот маань өнөөдөр дөрөв дахин их ачаалал авч байна. Тэгэхээр Засгийн газрын хэмжээнд төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлыг байр бий болгох, төрийн үйлчилгээг түвэг чирэгдэлгүй авдаг болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

-Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална гэж үздэг. Гэвч эдийн засгийн ийм боломж нь манайд алга?
-Орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална гэдэг бол манай нөхцөлд өрөөсгөл ойлголт. Манайд цэвэр усны нөөц хангалттай сайн биш. Хоёрдугаарт, ариутгах татуурга цэвэрлэх байгууламжийн хүчин чадал бол орон сууцжуулах асуудалтайгаа шууд холбогдоно. Бид нар цэвэр усны хэрэглээнийхээ тал хувийг стратегийн нөөц буюу гүнээс авч байна. Гадаргын ус сүүлийн жилүүдэд маш их багаслаа.

Цаашид гүний усныхаа нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ чиглэлийн болон дэд бүтцийн асуудлыг байгаль орчинд ээлтэй технологиор шийдэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.