Хотын удирдлагууд агаар цэвэршүүлэгч нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа

2017-12-05 16:32:58

Монгол Улсын Засгийн газрын 12 сарын 1-ний хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос cургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудыг агаар шүүгчээр иж бүхэн хангахад Засгийн газраас 3 тэрбум,  Нийслэлээс 1 тэрбум  төгрөгийн санхүүжилтийг  гаргахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар цэвэршүүлэгч тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг 20-иод аж ахуйн нэгжийн төлөөллийг “Хангарьд” ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн удирдлагууд болон албаны хүмүүс аж ахуйн нэгжүүдийн борлуулан худалдаалж байгаа агаар, орчны бохирдлыг бууруулах, гадна агаарыг цэвэршүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологийн агаар цэвэршүүлэгч бүтээгдэхүүнүүдтэй танилцсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлүүдтэй уулзах үеэрээ агаар, орчны бохирдлоос хүүхэд багачуудаа хамгаалахад зориулж сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хүүхдийн тасгуудад 5600 орчим агаар цэвэршүүлэгч шаардлагатай байгааг дуулгаад аж ахуйн нэгжүүдийг богино хугацаанд танилцуулгуудаа өгөх, сонгон шалгаруулалт явуулах хугацаа, нөхцөл шаардлагыг олон нийтийн хэрэгслээр ил тод зарлана гэдгээ мэдэгдсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.