Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2012-05-01 00:00:00

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг хуулиар нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар нарийвчлан зохицуулсан.
    Энэ хуулийн үйлчлэлд нийтийн албан тушаалтнууд буюу дараахь этгээд хамаарч байна:
-    төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
-    төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,
-    төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан,
-    хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан.
Мөн энэ хуулиар дээрх албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг нэгбүрчлэн тогтоож өгсөн. Тухайлбал:
-    Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт
-    Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт  
-    Шийдвэр гаргалтад нөлөөлөхийг хориглох
-    Төлөөлөл, сурталчилгаа, төлбөр, бэлэг, хандив авахтай холбоотой зэрэг харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн.
Энэ хуулийн дагуу нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор гаргахаас гадна захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тухай бүр ашиг сонирхлын мэдэгдэл гаргаж байх үүргийг хүлээсэн.
Нийтийн албан тушаалтны өдөр тутмын ажил үүрэгтэй холбогдсон зохицуулалт бүхий энэхүү хуулийг нийт албан хаагчид, ажилтнууд хэрэгжүүлж ажиллана уу.
Энэ хууль нь www.legalinfo.mn сайтад тавигдсан бөгөөд асууж тодруулах зүйлийг Хууль зүйн хэлтсийн 329169 утаснаас лавлана уу.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС