Хотын дарга С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Нийслэлийн агаарын бохирдол хамгийн өндөр бүсүүдэд ажиллалаа

2017-12-01 10:35:14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга С.Батболд, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ болон бусад холбогдох албаны төлөөллүүдийн хамт Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдол, утаа ихтэй цэгүүдэд ажиллалаа.

Ерөнхий сайдаар ахлуулсан албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-ийн 39-р сургуулийн халаалтын нэгдсэн системд холбогдсон ажил болон агаарын чанарын явуулын станцын агаарын бохирдлын хэмжээг хэрхэн зааж байгаа үзүүлэлттэй танилцсан юм. Үүний дараа Баянгол дүүргийн 11-р хороо буюу агаарын бохирдол хамгийн ихээр үүсээд байгаа Хувьсгалчдын гудамжны н.Адъяасүрэн гуайн гэрээр орлоо. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр байшингаа дулаалж дулаан алдагдлыг бууруулсан төдийгүй нүүрсний хэрэглээ эрс багасаж дулаан алдагдалгүй болоод байгаа юм байна. Харин н.Адъяасүрэн гуайн хөршийн дулаалга хийгээгүй байшингийн дулаан алдагдлыг багажаар гадна болон дотроос нь зориулалтын багажаар хэмжиж үзүүлэхэд дулаан алдагдал өндөр хувьтай гарсан бөгөөд нүүрсний хэрэглээ ч харьцангүй өндөр гарч байгаагаа хэлсэн юм.

Ажлын албаныханы дараагийн очсон газар бол бид бүхний ярьж заншсанаар Баянхошууны Жанцангийн буудлын ойролцоох 38-р цэцэрлэгээр орлоо. Энэхүү цэцэрлэг нь БОАЖЯ-ны санхүүжилтээр халаалтыг цахилгаанаар шийдэж, “Улаанбаатар цэвэр төсөл”-ийн санхүүжилтээр агаар цэвэршүүлэгчийг суурилуулан амжилттай хэрэгжүүлээд байгаа юм байна.

Нийслэлд хотын хэмжээнд агаарын бохирдлын мониторинг хийдэг 11 харуулын алба байдгаас агаарын бохирдлын хамгийн өндөр цэг Баянхошууны “Мон-Лаа”-гийн дэргэдэх харуулын станцын үйл ажиллагаатай танилцаж агаарын бохирдлын заалт ямар байгааг газар дээр нь үзэж танилцлаа.

Засгийн газрын тэргүүн болон хотын дарга бусад удирдлагууд утааны эсрэг явуулж байгаа бүхий л арга хэмжээ төсөл хөтөлбөрөө үр дүнд хүргэх, дэд бүтцийг хөгжүүлэх, Нийслэлээс хэрэгжүүлж эхлээд байгаа “Сервис центр”-үүдийг яаралтай байгуулах, цахилгаан халаалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

Хотын дарга С.Батболд “Нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж 4.7 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Энэхүү мөнгөөр зөвхөн сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг шинэчилнэ. Ер нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад 15 тэрбум ам.доллар хэрэгтэй. Мэдээж 220 мянган өрхийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Ажиллаж байна. Утааны эсрэг тэмцэхэд зарцуулах бүх мөнгө утаандаа л зарцуулагдаж байгаа. Манай үндэсний компаниуд санаачлаад нийслэлийг бүхэлд нь хийгээр хангахаар ярилцсан. Үүнд Ерөнхий сайдын дэмжлэг хэрэгтэй. Энэ бол утааг бүхэлд нь шийдэх гарц юм. Өмнө нь байсан мөнгө яагаад алга болов гэхээсээ илүүтэй одоо байгаа мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэдгээ тооцоолох шаардлагатай болчихоод байна. Байгаа яаж онох вэ гэдэг нь чухал байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа гэр хорооллын иргэддээ гэр болон байшингаа боломж бололцоогоороо сайн дулаалах, нүүрсний хэрэглээг аль болох багасгах мөн нөгөө талаас хүүхэд бүрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маскийг зүүж хэвшихийг уриалсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.